Цэцэг оноогүй бороо : УБТЗ ын Ган Үзэг 2010 Яруу найргийн наадам
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

УБТЗ ын Ган Үзэг 2010 Яруу найргийн наадам

Ган Үзэг 2010 Яруу найргийн наадам тэргүүн байр З Эрдэнэтогтох

     Чи бидэн хоёр

Чи бидэн хоёр

Арга билгээр сүлжилдсэн

Алтан мөнгөн загас байсан

Амьдрал гэдэг далайд өдөө чийглэсэн

Ангирын хоёр дэгдээхэй байсан

Гэвч

Дахин хэзээ ч биестээгээ золгохгүй

Тэнгэр газар хоёр болсон

Дахин хэзээ ч болзож учрахгүй

Од чулуу хоёр болсон

Чи бидэн хоёр

Ишигний хоёр молцог шиг

Ижилдсэн хоёр хос байсан

Ээжийн хоёр мөөм шиг

Ивэлсэн их хайр байсан

Гэвч

Дахин хэзээ ч эрхэлж тоглохгүй

Бурхан чөтгөр хоёр болсон

Дахин хэзээ ч биесээ харахгүй

Өдөр шөнө хоёр болсон 

Чи бидэн хоёр

Алхах мөрний минь тоогоор

Нүгэл хурдаг орчлонд

Ахин хэзээ ч сүлэлдэхгүй

Гэрэл сүүдэр хоёр болсон

Ган Үзэг 2010 Яруу найргийн наадам дэд тэргүүн байр Ө.Батзориг

                           Би явчихсан

Бодлогоширч буй төрхөө аваад

Болзооноос чинь би буцчихсан

Хамгийн том хайрыг чинь сугавчлаад

Хагацал мэт би явчихсан

Цөхрөл гуниг,эрх чөлөөг чинь

Цөмөөрөнг нь бас авчихсан

Дэндүү их итгэлийг чинь

Дэрэн дээрээс нь хулгайлчихсан

Бардам болоод ялдам занг чинь

Бараа болгож чамд үлдээсэн

Буйы бүхнийг чинь би авчихсан

Бурхан нэхсэн ч буцаад өгөхгүй

Мөнхөд ядуу чи одоо

Миний өмнө боол болсон

Ган Үзэг 2010 Яруу найргийн наадам гутгаар байр М.Амархүү

                    Хот

Үзэсгэлэн гоо чи минь

Үнэхээр биширэм

Үлгэрийн гайхамшигтай хот...

Уяхан гоёхон зүс чинь

Уран үгийн цэргээр довтолж

Уулгалж авахад хэцүү цайз...

Эрхэмсэг бардам ааш чинь

Эзлэхэд бэрх цамхаг...

Хатуу хямсгар сэтгэл чинь

Харуулын  догшин цэрэг...

Дурласан би харин

Дургүйг чинь хүргэсэн дайсан...

Тэр хотын цэцэрлэгт гудамжаар

Тэнүүчлэх хүсэлтэй амьтан...

Санаа алдахаас цаашгүй

Саадаг сумгүй цэрэг ээ...

Зүхээд чи минь онилвол

Зүрх рүү минь буудаарай

Дурласан хүүхнийхээ суманд

Дуусах шиг жаргал алга аа...

Ган Үзэг 2010 Яруу найргийн наадам Тусгай  байр шагналт Б Галмандах 

Усанд живэх адил

Бүсгүйн харцанд живэх шиг

Уруул нь дарс адил

Бүхий л орчлонг умартах шиг

Дурлал бүсгүй хоёр 

Дарс бүсгүй хоёр

Хагацан явбал уйдмаар

Хачин гоё ертөнц байна

Үнэхээр гоо бүсгүй

Дотроосоо гэрэлтээд

Үүр цайх шиг сэрэл

Түүний дэргэд мэдрэгдэнэ

Сарны дүүрэн гэрэл

Харцнаас нь туяараад

Нарны дулаан илч

Сэтгэлээс нь төөнөх шиг

Зуны цэцэгсийн үнэр  

Хаврын яргуйн үнэр

Далай тэнгисийн агаар

Давирхайт модны амьсгал мэдрэгдэнэ

Эх байгалийн гоо үзэсгэлэн

Энгүй сайхан аа харамлаагүй

Үнэхээр гоо бүсгүй чи

Зун цаг шиг гэрэлтэнэ

Ган Үзэг 2010 Яруу найргийн наадам  Тусгай  байр шагналт М Отгонбаяр
Эх орны эх чулуу






Хөл нь хучаатай
Хүн чулуун эх
Холын чимээ чагнана
Энэлэнт цагын дайрлагад
Эрлээ ололгүй  
Элгэн нутгаа сахив
Аргалын  цогонд  
Амьдрал буцалдаг
Алс нутгаас сүргээ хайв
Асгарах бороотой
Тэнгэрийн дуутай
Аагим  зуныг
Аргадаж асуув   
Уртын дууны шуранхай
Уурагны үзүүрт замхарахыг
Уйлж сонсов
Өнчин чанадагны мөргүй
Өлөн  цас
Өвөл. хайлж .
Өүлэн эхийн сүүн дусалтай
Өрөвч  эхийн
Өвөрт бүлээснэ
Хөлс нь хатаагүй
Хүн чулуун эх
Хүйтэн өвлийг зүсэн хүлээв
Хатан дэлхийн үүдийг сахиж
Хаврын хавсарга сөрөх
Хүн цагийн эх чулуу
Тэнгэр тэвэрч хүү төрүүлэв)
Хөх нь ивэлсэн
Хүн чулуу
Эх орны Эх чулуу                           

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)