Цэцэг оноогүй бороо : Яруу эгшиглэнгийн торгон анир буюу уул усны дууч
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Яруу эгшиглэнгийн торгон анир буюу уул усны дууч

Яруу эгшиглэнгийн торгон анир буюу уул усны дууч

Үгэн далайн хөвөө нь дээр бийр эгшиглүүлэн бодлогоширч, яруу шүлгийн сувд түүгч нэгэн эрхмийг шүлгээр нь мэддэг байлаа . 1997 оны үед " Ган зам  " сонин дээр нийтлэгдсэн

" Зэргэлээ, зээрийн янзага хоёр

  Зэрэг торниж 

  Уулсын бэлд

  Урь нутагшихад

  Энхэр хаврын

  Элч

  Эхний яргуй 

   Тэнгэр

   Тийрч ургана"

" Хавар" шүлгийг нь их л олзуурхан уншсанаа санаж байна .  Харин шүлгийн дор Баянбуурал М Жаргалсайхан гэсэн нэр тодхон дурайж байлаа."Зэрэглээ,зээрийн янзага хоёр зэрэг торниж..."Яргуй тэнгэр тийрч ургах"-ыг билгийн нүдээр мэдэрч үзгээ шүүрсэн энэ найрагчийн авъяас,ур цэцийг бахдаж сууснаа нуух юун.Эрхэмсэг яруу найргийн бийр янтайтай нөхөрлөнө гэдэг хэн тааралдсан нь үзэг шүүрч,шүлэг бичихын нэр биш ээ. Өөрийн дотоод ертөнцийн саваар "нутаглаж" тэндээ эзэн суун утга уянгын төгөлдөрөөр байгаль дэлхий,хүн төрөлхтний амьдрал-жам ёсыг бусдын олж үзээгүй өнцөгөөс мэдрэн, илэрхийлэх чанар гацхүү яруу найрагчийнх билээ.

" Баярлахдаа гол мөрөн

  Баян цөнгөө задалж

  Шувуудтай цуг

  Шуугиж хононо"(Хавар)

Тийм ээ...Ертөнцийн олон эгэлээс онцгой гойдыг олж үзэх, олон онцгойгоос эгэл нэгийг таних нь яруу найрагчийн билгийн мэлмий ажгуу.Сүүлчийн ганц навчийг ертөнцийн гуниг шиг санах, шүүдэр тээсэн өвс эхийн зовлонг эдлэх мэдрэмжийг гагцхүү яруу найрагч л мэдэрч,зовж,шаналж чаддаг. Үүнлүгээ утга чанар адилаар "гол мөрөн баярлан "цөнгөө задалж,тэр нь "шувуудтай" хамт шуугиж хонохыг зөнгөөрөө,зүрхээрээ мэдэрч чадсан нь түүний авъяасын нэгээхэн хэсэг. Монгол яруу найрагт утгын цагаан оргил,уянгын цагаан оргил, урлахуйн цагаан оргил гэж гурван оргил байдаг. Энэ гурван оргилын өөд мацагчдын нэг нь М.Жаргалсайхан.Төгс төгөлдөр найраг бүтээх нь олон шөнө дуншсан тулгар эхийн адил зовлонг тээдэг, зовлонг нимгэлэх гэж орчлонг өөрийнхөөрөө аргадах яруу найрагчийн тухай цөөн мөр тэрлэх нь мөхөс надад ахадсан хэрэг буюу. Гэвч сайхан шүлэг сонсоод өөрийгөө голохоо умартан үзэг цаас шүүрсэн нь яруу найргийн шид ажгуу. Яруу найрагчдын дунд "Баянбууралын" гэж алдаршсан Махвалын Жаралсайхан Төв аймгийн Өнжүүл сумынх. Өнжүүлийн цэнхэр талд дураар задгай эрх чөлөөг эдлэж өссөн тэрбээр "Уул усны дууч" билээ. Байгаль ертөнцийн буй үзэгдлийг анирхан торгон сэрлээр ухаарч ахуй түүний шүлэг дүрслэл, цэц ихтэй. Онож харах олж мэдрэх нь найрагчийн унаган мэдрэмж ажгуу.

 " Үзүүрээрээ

    Гал нарны илч амсаж

    Үндсээрээ

     Газартай шүтэлцэж ургасан

     Шинэдийн сарны гэрэл дор

     Ширхэг болгонд нь

     Шүүдэр хөллөсөн амь..."

"Улхын цагаан дэрс" хэмээн шүлэглэсэн нь сэтэл хөдөлгөхгүй байхын аргагүй. Үзүүр үндсээрээ тэнгэр  газартай шүтэлцэж, ширхэг болгонд нь шүүдэр хөллөн амилахыг мэдрэх нь гайхамшигтай. Ертөнцийг сэтгэлдээ багтаасны "үилийн үр" энэ юм. Тийм болоод ч тэр үү. Төрийн шагналт Ардын уран зохиолч,Соёлын гавъяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн найрагчийн "Бүлэг одны гэгээ" номыг эрхшээн соёорхохдоо ,М Жаргалсайхан бид хоёр үйлийн үргүй нэг голынх. Тэр голын эрэгт таана замбагалаж , адуу тургилж байдаг. Хүн жаргаж, хүүхэд төрж , мал бэлчиж , айраг сэнгэнэж, уртын дуу хангинасан нутаг.Энэ газрын "диваажинд" шүлэг бичэх " донтой"хүмүүн олон төрдөгийн зах зух нь бид хоёр .М Жаралсайхан  их товчхон ишлэлттэй тодотгол хэрэглэдэг ,этгээдлэн онох цэц сайтай найрагч юм Энд бичсэн бидний шүлгийн хур Өнжүүлд  минь бороо болон цутгаж байг хэмээн өгүүлжээ. Нэгэнтээ би түүнийг "Уул усны дууч " хэмээсэн .Нутаг усныхаа тухай бичихдээ сонин содон зүйрлэл , адилтгалыг оновчтой дадамгай хэрэглэдэг түүний нэг онцлог . Ер нь хүний олж хараагүй, хэлж амжаагүй гоо сайханыг илрүүлнэ гэдэг одот тэнгэрт нэгэн эрхэс  нээснээс ялгаагүй.

"  Энгэр бэлд нь тоглосон

   Эрх хэлгий уулын горхи

   Манант жилүүдийн тэртээх

   Мартагдсан үнэнийг олох гэж

   Хөвдөн доогуур

   Хөөцөлдөн

   Буурал түүхийн

   Буруу зөвийг асууж

   Бургасан чөлөөгөөр

   Булталзана"  Түшээ гүн уул

Уулын энгэрт хэлгий горхи мартагдсан үнэнийг хайх , бургасан чөлөөгөөр булталзах нь эрх чөлөөтэй , хязгааргүй сэрэл мэдрэмж юм

Тэнгэрт

Тээр болсон үүл

Арын зураа модонд

Аргамжсан мэт өнжинө    Бороотой  өдрийн зураг  гэх мэт мэдээжийн бус юмнаас  мэдээжийн юмыг илрүүлсэн яруу тансаг мөр, сэтгэлгээний ур чадварыг илэрхийлсэн  шүлэг олонтоо тааралдана. Хэн нэгэн шиг янз бүрийн "изм " дэж толгой эргүүлэхгүй . Сэтгэлээс  гарсан найраг сэтгэлд шингэдгийн  сонгодог жишээ л энэ . Найрагчийн хүрэх цэг хүний зүрх  сэтгэл билээ .

"Урьд  шөнийн бороонд

Уулын горхи омогшчихож

Мөөгний шилбэ гижигдсэн

Мөлхөө манан зэлэн дээр хоночихож "

Аргагүй л "Уул усны дууч " ингэж дуу алдахаас яахав. "Мөөгний шилбэ гижигдэх манан горхи омогших " гэх мэт байгалийг"хүншүүлэх "хэлбэр бүхий зураг шиг , яруу хөгжимлөг тэр тэрлэдэг.Хүн зон хөлхсөн төмөр замын "Баянбуурал " амралтын ариун дагшин байгаль,үзэсгэлэнт гол горхи , тэнгэр, шувуу,бүхлээрээ түүний амин сүнс билээ 

"Дэгдэх урсгал нь

Дээсний үзүүр шиг тасарч

Ээрэм талынхаа

Элгэнд сөхөчсөн

Эцсэн зээр шиг ус минь

Од одны гэгээ дэрлэж

Орчлон зүүрмэглэх шөнө

Зөн билгийн эрэгт

Зүүд манаж урсана

Зөв талын дөрөөнд

Сүү болж дусна "Баянбуурал "Амь шигээ хайрлах  голынх нь урсгал дээс шиг тасрах"  "их талын элгэнд зээр шиг сөхөчихийг" харах шиг гуниг орчлонд байхгүй. Нутгаа хайрлах сэтгэлд нь нөгөө л гол нь "зүүдийг манан урсаж"  " дөрөөнд сүү болж дусахыг" мэдрэх шиг баяр баясгалан орчлонд бас л ховор. Энэ нь хүний амьдралын жам ёсыг нутаг устайгаа шүтэлцүүлэн бясалгасанд орших буй за. "хэдэн жилийн өмнө төмөр замчдын "Хайрын цагаан уул" яруу найргийн наадамд М.Жаргалсайхан их л сонин шүлэг уншин тэргүүн дэд байрт шалгарч байв.Тэгэхэд:

" Зүрх жаргаасан хайраар

   Зүүдээ гоёж

   Зүснийх нь гэгээнд

   Зүгээн олсон хань минь..."Хань"

Бусдаас өөрөөр сэтгэдгийн нэг жишээ".Хайраар зүүдээн гоёчихоод "бардамхан шүлэглэх , Зүснийх нь гээгэнд зүгээн олчихоод" ихэмсэгхэн алхах энэ эрхмийг аргагүй л Янжинлхамын адист" яруу найрагч гэхээс өөр үг олдохүй. Энэ шүлгийн эзэн түүний хань Д.Алтнаа гэдэг сайхан бүсгүй өчнөөн олно зүүдийг нь гоёж, үзгээ шүүрэхэд хүргэсэн байх даа.

"Уулс өндөлзүүлж

   Унага үүрсэхэд

   Цээжинд нь гэгээ "саамшиж"

   Цэцэг зуусан дэлхий

  "Гэзэг шууж" үүр цайна" "Адуу манасан шөнө"

Этгээд чамин дүр зураг ургаж нүдэнд бууна "Гэгээ саамших" "Гэзэг шууж" "үүр цайх" хэний ч олж хараагүй дүрслэл , бичиж амжаагүй торгон агшин . Найрагч М Жаргалсайханы шүлгийг сонсож, түүний ертөнцийн торгон эгшинг хэсэгхэн хугацаанд анирдахад ийм л "уулга алдалт" сонсдоно. Саяхан нэгэнтээ 

Амгаланг үүдэгч өглөө

Анир гүм зочлохуй дор

Алтан өдөт шувуу үүлс

Алгуурхан дэвж нарны "зовхи сөхөв" хэмээн уншихад нь уулс хүртэл өндөлзөн чагнах , ус хүртэл долгилон чимээлэх шиг болж өөрийн эрхгүй үзэг цаас шүүрсэн минь энэ бяцхан тэмдэглэл буюу. Алтан өдөт шувуу үүлс, нарны зовхи сөхөн дэвэхэд нар мандан , гэгээн тунгалаг өглөө айсуй . Яг л уран зураг шиг найраг. Шүлэг гэгч тэнгэрийн амьтныг өөрийнхөө хүслээр цаламдагч "Уул усны дууч " ын маань онгодын цагаан хүлэг уяан дээрээ үүрссээр . Хэрэв та түүний ертөнцөд зочло юу хэмээвээс "Учрал ерөөлийн Баянбуурал  ыг  зоригтун . Янжинлхамын адис жанлав орштугай.


Яруу найрагч Өлзийбүрэнгийн Батзориг"    Ган зам "сонин



start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Шувуухай

Өөрийн дотоод ертөнцийн саваар "нутаглаж" тэндээ эзэн суун утга уянгын төгөлдөрөөр байгаль дэлхий,хүн төрөлхтний амьдрал-жам ёсыг бусдын олж үзээгүй өнцөгөөс мэдрэн, илэрхийлэх чанар гацхүү яруу найрагчийнх билээ.

Төгс төгөлдөр найраг бүтээх нь олон шөнө дуншсан тулгар эхийн адил зовлонг тээдэг, зовлонг нимгэлэх гэж орчлонг өөрийнхөөрөө аргадах яруу найрагчийн тухай цөөн мөр тэрлэх нь мөхөс надад ахадсан хэрэг буюу...

Сүйжин - Гэрэл байж л харанхуй байдаг

Гоё бүхнээс сайхныг ялгаж олж харах гэдэг бас эгэлгүйн шинж билээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)