Цэцэг оноогүй бороо : ″Миний шүлгүүд″ номд өргөх өргөл
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

″Миний шүлгүүд″ номд өргөх өргөл

                                       "Миний шүлгүүд" номд өргөх өргөл 

               Ая зан тодорхой

Найрагчийн шүлгийн шинэ номыг бие олох зуур уншлаа. Тэгээд ном бүрэлдэх зуурын дөрөөнд үг дайхаар шийдлээ. Найрагч нөхөр маань "Чанад совин" "Гоё амраг" номоороо МЗЭ-ийн шагнал хүртэж байсан цаг хугацаа аль хэдийн улирчээ. Бид 1970 онд Сайншандад учирч уран бүтээлийн андууд бололцсон хүмүүс. Түүний шүлгийн хэд хэдэн номыг нэг ёсны эх барьж авч аравнайлсны учир шүлгийнх нь тухайд хэдэн үг зэрэглэх учиртай биз гэдэгтээ үл эргэлзнэм. Тэрээр шүлгээ гурван мөрөөр бичнэ. Ямар боловч шинэ үеийн есөн мөртийн эзэн гэж хэлж болно Ертөнцийн гурван гэж ер хүмүүн заяаны алтан жамыг шигшиж шигтгэсэн гүйцэж сэтгэшгүй гүн ухаанаар бүрэлдсэн агуу шүлгээр хар нялхаасаа угжуулж торнисон монгол хүнд гурван мөрийн уламжлал цөсөнд нь хагшсан байдаг юм гэж галзуурна.Яагаад монгол сонет есөн эрдэнийн тоотой есөн мөрөөр байж болдоггүй юм гэж адарна.Тэгээд бүх шүлгээ есөн мөрөөр хэлхэж нэгэн бодлын санаа амарна. Энэ олон завгүй хүмүүст чинь цаг  зав алтны дайтай болсон эрэнд шүлэг гэдэг таринын дайтай богинохон ухаарлын учиг зангидахаар гүн байх ёстой. Тэгвэл тэд уншина гэж тайтгарна Түүний ая зан ийм бөлгө.

                   Диваажинд жаргадаггүйн гэрч

Түүний нэг шүлэгт энэ санааг лавшруулсан нь бий. Үхэж буйн харцыг бардам дүүрэн,эрэлхэг эрхэмсгийн бие болоод зоригийн гал зангидах чонын төгсгөл дээр тавьж бодоод түүнийг үүрдийг өмөөрөхүйн гэрчээр тодруулаад энэ үхлийг цэгнэхэд амьдын заяанд өрж бармаар байгааг халаглаад

"Үнэнийг хэрчиж хяслын хаяа дэрвэлзэхэд

Үг гашлах нь миний овилгыг булингартуулж

Үхээд очдог болохоор диваажинд ч гэрэл гэгээгүй" гэж бичжээ. Диваажинд ч жаргалгүйн хахь үнэнийг бал цул хэлж яруу найрагчийн хувьд дэндүү гүн амьсгал авч, яруу найргийн хувьд дэндүү эмзэг сэтгэл дэлгэсэн нь энэ буй за

                    Үйсний хэлийг мэдрэх цаг

Салхинд гүнгэнэх үйсний хэлийг мэдэж, ирэх  улирлын ая занг сэрэх нь шүлгийн орон зайг гэгээлэх цаг юм. Наашлах цагийн хөг аяст юм бүхэн  гоо төгөлдөр үзэгддэгийг ажих нь яруу найрагчийн чадвар гэж мунхагланам.

"Хотны хөлд алаг шаазгай алтан өдөөр зурж

Хол ойрын хов жив шулганан дэгдээд

Хонгор морьтой хүн наашлах нь зул шиг үзэгдэнэ" гэж дүрсэлсэн нь шаазгай хэн юм бүү мэд морьтон мэт боловч дэгэн дэгэн гэх шаазгайн наранд солонгын өнгө задлах алтан өдийг ажиж тэр морьтон нигүүслийн дээд зул шиг үзэгдэхийг сэрнэ гэгч сэтгэлийн гоо сайханы илрэл бөлгөө. Үйснийг хэлийг мэдэх цагт үнэндээ гоо ертөнц их саруулхан байдаг нь шүлгийн амь юм.

                      Цаг үе ба дүгнэлт

Цаг үеийн тухай бодол шүлэгчийн зүрхэнд ямхын төдийг боловч эзлэн зүггүйтэж явдаг бөлгөө. Хөлгүй цэнгэлд хөлбөрч онож алдах заяагаа бүүвэйлж явахад гэрэлт аймшиг тохиодогийг ингэж хэлжээ.

"Төвөгт орчлонгийн найранд унаж тусаж

Төөрөг хөтөлсөндөө төөрч дүүрч явахад 

Төгөлдөр их суу зүүдлэх нь гэрэлт аймшиг" Аж төрөх, амжиж хийх, амраглах аль аль нь хүний ёс атал алдар суу зүүдлэх нь гэрэлт аймшиг гэснээр нийгмийн сэтгэлгээнд хийсэн шүлэгчийн оюун дүгнэлт гэж хэлж болно. Алдар сууг сайн юм сайхан юм гэж мөнхөрлийг аргадах мэт мөрөөдөгсөд түүнд мөлхөгчид гэдгийг урнаар үзүүлжээ.

Сум шаргал бодол

Сүм шаргал бодолтой нь их гэгээлэг дагшин санагдана. Бурхан номын ариун газар мэт бодол хөтөлж явна гэдэг яруу найргийн хувьд ертөнцийг үзэх гэгээн үзэл байлтай.

"Сүм шаргал бодол тунарч

Сүлд хийморийн цагаан дарцаг дэрвэлзэх шиг

Сүнс эрхлүүлэх цалгиа онгод дэврэхүй" гээд сэтгэл тэнүүн дүүрэн явах цагийн ариухан бодлыг хээлж, гоо сайхан амьдралын торгон агшинтай холбон тодорхойёо дүрсэлжээ. Энд ерийн юм бүхнээс гоо сайхныг олж харах шалтгааныг аглагт орхин шалтгаар илэрхийлэх уран санааг шүтсэн нь тодорхой хийгээд гүйцэд дүрсэлсэн нь нэгэн онцлог болой.

                            Дураараа загнахуй

Түүний шүлгүүдэд дураар загнасан нь олон бий. Энэ нь эзнийх нь зан чанар биш шүлгийнх нь араншин ажээ.

"Мөнгөн эмжээртэй уулс тэнгэрт зэрэглэж харлагтана

Мөргөл  дагшин хангай тэргэл дүүрэн харагдана

Мөнхийн бадар үлгэсэн амьдрал тийм дураараа" гэжээ Байгалийн энэ их дагшин тэнүүнд сэтгэл бадарч итгэл цалгиж явах авч мөнхөд бадарч барих мэт амьдралын аргадаж явдаг хүмүүн заяаны хөлгөн их санааг тодосгожээ. Иймдээ энэ насны шүлгүүдээс зэлгээн бүлээн нь биш омогт омголон үгс халгиж буй.

                                Илэн далангүйн учир

Зарим шүлгүүдийг уншихад дэндүү илэн далангүй мэт оршиж буй. Амьдрал тийм агуу ажээ. Хаа хэзээ боловч гоо сайхнаар дүүрэн байдаг жам ёс буюу.

Өвгөн моддын дор би дунгийн дотрыг ажмуй

Өвс наларсан чөлөөнд дурлалын гал өрдмуй

Өвгөрсөн тохь насыг аль хэдийн сэгсэрмуй гэх

Навчис гэгээн дуслуудыг залгилан өмөлзмуй

Нар ичиж уулын цаагуур шургамуй

Насад энэ өдөр би гэлэн сахил алдмуй гэх мэтэс дүрслэлүүд олон шүлгийн эхэн хойтод ороолдоно. Хачин энгүүн ахуйд дурлалын бурхан амилуулж амьдын бах, амьдралыг үзэх үзлийн гэгээн оршихуйн внэн гэрч болж эдгээр дүрслэлүүд байраа олжээ. Зөвийн идтэй юмаа гэж хэлэх эрх надад заяажээ.

                                         Гоё амрагийн тухайд

Нэгэн бээр МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч судлаач профессор Д.Хүү.Гоё АМРАГ буюу губай алтан зулын өгүүлэмж" гэдэг өгүүлэлдээ ГОЁ АМРАГ гэдэг үг Монголын эртний уран зохиолын гайхамшигт дурсгал "Монголын нууц товчоо"хы АЛУН ГОО гэдэг үгтэй двйж байна гэж дуу алджээ. Үнэхээр ч энэ үг энэхүү яруу найрагчийн уран бүтээлд зохйх байраа эзэлж од мэт гялалзаж байдаг бөлгөө Сэтгэлгээг шүтэж магтаалын буулганаас ангид орших оролдлого газар авсан энэ цагийнхны дунд тввний шүлгүүд нэгийг хэлээд байдаг бөгөөд амьдралын харлаг борлогт хутгалдаж хачин гоё энгүүнд тэнүүнд уусан цогцолдог нь нэгэн онцлог гэж болно.

                                 Номыг онцлохуйд

Номын тухайд нэгэн оны шүлгийг сорчилж шилсэнгүй дорчилж голсонгүй бичсэн өдөр дараалалаар нь нэгэн дэвтэр болгон эмхэлсэн нь санаа ойртох, үг ойролцоодох гэмийг хөтөлсөн байж болохыг уншигч та хүлцэн уучилна бизээ.Авьяаслаг зохиолчид хэд хэдэн роман тууж нэгэн жилд туурвиж бүтээдэг байхад яруу найрагч энэ зэргийн нэгэн номыг туурвих нь тийм  ч их бичсэний гэрч биш боловч санаагаа багцалж зангилсан энэ жижиг шүлгүүдийн хувьд бас л чамлахааргүйг бүтээснийг харуулна Тэгээд ч их уран зохиолд нэгэн зүйл хэлбэрийн шинэчлэл болсон байхыг маргах аргагүйг зөвшөөрөөд журмын нөхөрт цаашдын уран бүтээлд амжилт хүсэн ерөөе.   

                                                              МЗЭ-ийн шагналт зохиолч А.Шартолгой


start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
зооз (зочин)

нутгиин ах шүү та минь

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)