Цэцэг оноогүй бороо : Вансэмбэрүү 2011 хайрын шүлгийн анхдугаар наадам
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Вансэмбэрүү 2011 хайрын шүлгийн анхдугаар наадам

Даашинзаараа нэг сагасан       Оросмаа  П Бөхбат ТЭРГҮҮН БАЙР

Давстай талхны хөрөнгө

Энгэрээрээ дүүрэн мээмэнд

Эрчүүд чихэлдэх нь архины мухлаг шиг Ай Оросмаа

Тосгоноороо багтсан уруултай чинь

Толгойныхоо хундагыг тулгамаар аа

Сэрэл давслах сэргэлэн орос хулмас

Сэтгэлийн талаар таанан бүлээн амьсгалтай яа Ай Оросмаа

Намхан пийшин шиг пүнхийсэн

Номхон далай шиг цэлхийсэн

Охин шиг гэрлээгүй эмгэн шиг бэлэвсэн

Ойн чөлөөн дэх өнчин гацаа Ай Оросмаа

Нартад одоо чамтай ханилья гэх нь үгүй ч

Нааш ир гэх халангар эрчүүд мундахгүй

Залуудаа чи хуялын тоогоо гүйцээ

Замдаа үнсэлцэнэ гэж маньд ганцыг үлдээ Ай Оросмаа

Б Лхагвадорж  ДЭД БАЙР

Амраг сэтгэлийн дарсанд хөлчүүхэн яваа нь би байна  
Равжаа хутагтын аялсан Үлэмжийн чанар нь чи байна
Ижил мянган оддын дор чиний уяраасан нь  би байна  
Уянга цагаан сарны дор миний олсон нь чи байна
Нас нь залуухан хоногуудыг  догдолж өнгөрөөх нь би байна  
Зүс нь ялдамхан өдрүүдийг аялгуу болгох нь  чи байна
Алгуурхан лавсах цаснаар чамайг хүлээх нь  би байна  
Ягуухан зүсрэх борооноор миний санах нь чи байна
Амьдрал минь үргэлж гэгээтэй

Оршихуй сонет     Б Энхтөр   ТУСГАЙ БАЙР
Зүрхнээсээ арчиж чадахгүй хойно
Зүүдээ чамаар дүүргэж байя
Уруулд чинь уусан
Уйтгарыг чинь үргээх
Улаан дарс чинь байя
Шөнө бүрээр оддоос гялбан ярьж
Шүлэг бүхнээрээ хайраа дайж
Хурын шиврээнээр ханаталаа таалж
Цас мэт цагаахан байя
Тэвэрт чинь багтахгүй
Тэнгэр
Төгсөшгүй залуугаараа
Хээнцэр
Шүлэг мөнх хайр байя  

Чамд    Т   Эрдэнэбаатар       ТУСГАЙ БАЙР

 Чиний өргөс орсон орон зайг

 Мойног хуруу зөөлөн гунигаар чичлэн

 Өдөөр эрхлүүлэх шинэхэн амрагаа орчлонгийн мухраас эрэв

  Чамд би тунихдаа

 Чиний эмзэглэ дуслуулж одсон зээрэн зөргөөр

 Тугалган од хөндүүрлэн ширтэх бүрэг үдэш

 Сэтгэлдээ эвлүүлсэн гэрлээр цаг хугацааны өнцөг

 Булан бүрийг тэмтрэв

Чамд би тунихдаа

Өндгөн сартайд дэвүүрээ нөхсөн цагаан эрвээхий

Мөлхөө уруулын янзаган толбоор зайгүй бөгжлөн

Ураг барилцсан тэнгэрийн солонгыг бачимдахдаа хөвлөө

Чамд би тунихдаа

Чиний үнэг нь харцаар хоосолсон эвэр хундагаар 

Нарны булгаас хутган

Гэнэн бодлоор үерлэх эрхэмсэг бүсгүйн инээдтэй тулган

Самуун салхи аяны богцондоо дүүргэн шөнө уртыг гайхав

Чамд би тунихдаа

Хэнзхэн учралд торойсоор бүдэгрэх хуримын өдрөө

Чиний гоёлын үгээр нэвширтэл будаад

Сүүдэр нь хөлд тээглэгдэх үхэр чулууг хагацлаар хагалав

Чамд би тунихдаа

Хатгуураа даахгүй хэдгэнэд тавиланг нь үүрүүлж

Холтос нимгэрсэн өмрөх модны үзүүрлүүл

Хөхүүл шарагчин ховс одсон шивэгчин шумуулаар дөхүүллээ

Чамд би тунихдаа

ХОНГОРЗУЛ      Э Анхбаяр                        ТУСГАЙ БАЙР
Тэнгэр газрыг нэг гэж итгэн бодож
Төсөөлөл дундаа инээмсэглэлээрээ зурж орхисон
Хонгорхон насны минь мөрөөдлийг
Хүмүүс Хонгорзул гэж нэрлээд л байгаа юм даа
Он жилүүдийн тэртээд амрагтайгаа хайраа нийлүүлж
Очиж болздог байсан нугынхаа дунд
Жаргалын үр унгаж үлдээсэн минь хожим
Жамын өмнө үнэнч Хонгорзул үндэслэсэн байна
 Шүлэгч нэгэн охины доголон нулимстай тайтгаралаас  
 Шувуу болж ниссэн шад зүрхэн дээр минь суугаад
Хөгжимлөг нэгэн дуу болоод сэтгэлийн аглагт нутаглахад
Хурууны минь үзүүрээс туссан гуниг Хонгорзул байж шүү
Хүний миний догдлолыг хурааж гэрэлтсэн
Хоног өдрийн жигүүртэй хорвоод талархаж
Хүслийнхээ маргааш руу инээмсэглэлээрээ бичиж илгээсэн зурвасыг минь
Хүмүүс өнөөдөр Хонгорзул л гэж уншаад байгаа юм даа

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Болормаа

BAYR HURGIY. TER OROSMAA YASAN ADTAI SHULEG WE.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)