Цэцэг оноогүй бороо : Ном нээх үг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Ном нээх үг

Нар сар бол хүүхдийн зургийн мөнхийн сэдэв байдаг. Яагаад гэвэл тэд эхийн хэвлийд байхдаа, бурхны өгөөмөр их гэрэл гэгээтэй холбоотой байсных нь ул мөр. Яг үүн шиг яруу найрагчид бараг л бүгд хайрын шүлгээр зам мөрөө эхэлсэн байдаг. Энэ номыг бүтээгч ч тэр жамаас гажсангүй. Бичигдээгүй, хэлцэгдэж батлагддаггүй ч ийм хууль сэтгэхүйд үйлчилж байдаг. Хэн хүнгүй мэддэг. Судалж тайлбар тайлал, өгүүлэл, ном судар бүтээснийг би олж үзсэнгүй. Яруу найрагчид тэрхүү хайрыг таньж мэдэх, илэрхийлэх арга хэлбэртээ шинэчлэл хийх, хүний сэтгэлийн өнгийг зөв илэрхийлэх зэргээр дамжин, ухамсар, сэтгэхүйн цэвдгийг уясаах гэсгээхийг үе үеийн туршдаа хичээж оролдсоор биднийг хүрчээ. Яруу найрагчдын зүтгэл тэмүүлэл талаар өнгөрсөнгүй, олсон нь чамлахааргүй их ээ. Гэхдээ олох ёстой нь хязгааргүй учир хүртсэнээ чамлан гонсойх нь тэдний зөв.

“Од харвах шиг” цочмог ирдэг, “Цэцэг дэлбээлэх шиг” чимээгүй учирдаг, “Эрвээхий нисэх шиг” уран гоё харагддаг хайрын тухай номоо яруу найрагч Б.Лхагвадорж танд өргөн барьж байна. Танд гэхийн учир нь найрагч маань таны онгон залуу насны анхны хайр, анхны баяр, анхны жаргалтай гунигийг энэхүү номоороо мөнхөлсөн байна. Сайхны тухай, түүнд тэмүүлэх сэтгэл мөнх хадгалан үлдэх жам ёсыг бараг л үнэн зөвөөр нь “Нэрийг нь мэдчихвэл муухай болчих Нэг л сайхан бүсгүй байдаг хорвоо” гэсэн байна. Сайхан гэдэг хүршгүй, танигдах үл танигдахын заагаас биднийг даллан дуудагч билэгдэл юм. Хайр ч ялгаагүй.

Хайрын шүлгүүдийн дунд гүн сэтгэлгээний мөр бадгууд эрдэнэ мэт гэрэлтэн гялалзах нь найрагчийг даллан дуудсан дээд гэгээрлийн туяа бололтой. “Буруу цагт зөв амьдраагүй гэмтэй...” зэрэг цагийн жам, бүх нийтээр даган баяссан буруу урсгалыг сөрж чадахгүй яваагаа ухаарсан бадаг мөр элбэг байна. Бас “Амьдрал өөрөө баян болохоор Ядуу хүнийг хайгаад ч олохгүй” гэх мэт энэрхүй хийгээд учир шалтгааны мөн чанарыг хүртэн мэдэрч яруу мөр бадгаар илэрхийлэн гаргасан нь найрагч маань дараагийн алхам, удаах номоороо хайрын торноос алхан гарах нь ээ гэсэн баясангуй итгэлийг төрүүлж байна. Хайр-хал хоёр хосоор оршдог хуультайгаас хайр нь мөнхийн сэдэв биш ч байж магадгүй.

Дээд мэдрэмжийн энэрхүй нигүүслэлийн дууллаар хүн төрөлхтнийг дагуулан, бүхий амьд оршнол хийгээд орчлон ертөнцийг аврах их цувааны түүчээ нь найрагчид байгаасай! Түүний нэг нь энэ номыг бүтээгч байх болтугай.

МЗЭ-ийн шагналт зохиолч,

яруу найрагч Хандын ЦЭРЭНДОРЖ. 
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)