Цэцэг оноогүй бороо : Борхойн цом 2011 яруу найргийн наадам
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Борхойн цом 2011 яруу найргийн наадам

Б.Лхагвадорж

Эрх чөлөөний дуулал

Дураараа хайрлах минь

Эрх чөлөө юм

Дуулах уйлах минь ч

Эрх чөлөө юм

Зоргоороо дурсах минь

Эрх чөлөө юм

Зовох жаргах минь ч

Эрх чөлөө юм

Ижий минь надад эрх чөлөө олгосон

Инээх уйлах хоёрыг би зурж үзсэн

Нартыг туулах нас минь

Надад дадлагын өдөр шиг санагддаг ч

Ижийнхээ олгосон эрх чөлөөг бүтэн эдлээд

Ирж буцахын аясыг дагана

Үүлс нь сэмэрч, салхи нь зүггүйтэх хорвоод

Үр минь үлдэж маргаашийн нарыг угтана

Нар мандагаараа л мандана

Намайг эзгүй байна ч гэж ялгахгүй

Цас хаялж, бороо шивэрч

Цаг хугацаа шинээр төрнө

Хүлэг морь газар үнэрлэн дэргэхэд

Хүү минь эр болон өсөж

Манант талын цэнхэр алсыг ширтэхэд

Манасан зүүдний минь саран мэлтийж гийнэ

Нялх үр уйлж ирсэн нь

Эрх чөлөөний дуулал юм

Нартын амьдрал ч мөнх биш дээ

Гэхдээ би эрх чөлөөнд хайртай

Э.Эрдэнэдалай

Хуучин дэлхий

Хуучин дэлхий миний хөл дор байдаг

Хүү бид хоёр таныг гишгэлэн алхалдаг

Дэвсэлж байна гэж бүү бодоорой

Дээдлэн бид хоёрыг өндөрт өргөдөгт талархдаг

Өчигдрийнхөө насыг мартчихсан өвгөн дэлхий минь

Өвдөгөө шалбалан босоод бид өөдөө тэмүүлнэ ээ

Хуучин дэлхий минь та хүү бид хоёрын хөл дор

Хүн дээдлэн өргөдөг шигээ зөөлхөн эргээрэй

Д.Дашдулам

Дорнын шаргал говиос

ИХ ХУТАГТЫН МЭЛМИЙ ГИЙНЭ

Наран ээсэн говийн элсэн тал ширхэг

Насан бүтээл урлам Хутагт Равжаагийн өлгий

Түмэн арван мянган чулуун үржмэл бутархай

Түрэн оволзон дайвалзах их усан зэрэглээ

Далай мэт уудам дорнын шаргал говь

Дайчин хутагтын мэндэлсэн домогт эрдэнийн говь

Саран бүжим говийн өргөн гоёмсог уулс

Санаа бодол бүчим Монгол элсэн өргөрөг

Халуу шатам оргилох алтан буржмал гулдмай

Халин урсах гүйдэллэх хачин тансаг зураглал

Далай мэт уудам дорнын шаргал говь

Догшин хутагтын шүншиглэсэн бодол бүчим говь оо

Дэндүү элгэмсүү говийн эрч хүчийг мэдэрсэн

Дээдэс өвгөдийн нутгаас энэрэл хайр цацардаг аа

Дүнчүүр маани эгшиглэсэн Шамбалын ариун орон

Дорнын шаргал говиос их хутагтын мэлмий гийнэ

Далай мэт уудам Дорнын шаргал говь

Дээдэс өвгөдийн таалсан онгон сахиуст говь оо

Ш.Сарангуа

Нүдээ өгөөч

Өглөө нар мандахыг ганцхан харчихаад өгье

Өөдөсхөн жаахан үрээ нэг л харчихаад өгье

Нүдээ өгөөч

Өдий болтол минь хайрласан

Өрөвчхөн сэтгэлт ханиа

Өөрийнхөөрөө л нэг харчихаад өгье

Нүдээ өгөөч

Хань минь намайг

Хайраар дутаагаагүй

Харин надад тавилан минь хатуурхаж

Харалган болгосон

Нүдээ өгөөч

Бурхнаас би хайр гуйсан

Бурхан надад тэр хайрыг өгсөн

Бурхнаас би дахиад л гуйсан

Бурхан харин нүд өгөөгүй ээ

Цацал өргөн сэтгэлээ аргаддаг

Цагаан сэтгэлт ижийдээ

Цал буурал болохоос нь өмнө

Цайныхаа дээжийг нэг барихсан

Нүдээ өгөөч

Намрын шаргал өдрүүд яаж эхэлдгийг

Намбалаг ижийнхээ төрхийг

Нутгийн минь уулс яаж сүндэрлэдэгийг

Намайг гэсэн найзуудаа

Нэг л удаа харахсан

Нүдээ өгөөч

Түнэр харанхуйгаас гарахыг би хүснэ

Түгэх олон оддыг харахыг би хүснэ

Тэвэр дүүрэн сарнай авч байсан ч

Тэмтэрч биш харж л үзмээр байна

Нүдээ өгөөч

Үүлэн нүүдэл шиг амьдрал минь

Үргэлж ийм байвал яана аа

Үнэхээр би чамайгаа

Харахгүй бол яана аа

Сүүний үнэр нь арилаагүй

Сүүндээ охин минь ижийгээ

Сохор гэж голвол яана аа

Нүдээ өгөөч

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
амараа

Үнэхээр гоё шүлэгнүүд байна. Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)