Цэцэг оноогүй бороо : Арван долоон жил хүлээсэн наадам
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Арван долоон жил хүлээсэн наадам

Алчуур хүзүүндээ зангидаж, торгоор гангарсан

Айлын бүсгүйчүүд гэрийн минь үүдээр өнгөрдөг

Аягүй гоё, гоё тэр л эгч нарт атаархсаар

Арван долоон нас арай л гэж хүрлээ

Арван долоон жил хүлээсэн наадамд

Аав минь анх удаа эмээл янзалж, морь хагсаалаа

Арван долоон жил хүлээсэн наадамд

Ээжий минь хамгийн гоё торгоор дээл урлаж өмсүүллээ

Зээгэлдэх олны дундуур манай үеийнхэн цулбуур холбоод

Зэрийтэл эгнэлдээд дөрөө харшуулж хатирлаа

Онгироохон нэгнээ явуулж одод бутартал инээлдэхэд

Олны олон нүд биднийг дагаад л баяцгаасан

Цэрвүүхэн морьдын хатираанд өвсний ширхэг шаргиж

Цэргээс халагдсан залуус нударга хийсгээд л хөлчүүрхлээ

Сагсуухан нэг нь хөндөлсөж яргай ташуураа далайхад

Чимэггүй яаж болох вэ, манай нутгийн наадам...

Асар алгасаад л дагалдах амрагийн харцанд ээрүүлж

Алим шиг улайсан ч зүсээрээ илүүрхэж гангарлаа

Айргаар дэмбээдээд хожсон халхын сайхан хархүүд

Аюулхай сэтгэл минь хөглөгдөж, хайранд нь аргамжаатай өнжлөө

Тэлмэн жороо морьдын товолзтол сайхан хатираанд

Тэнгэрийн наран доргиж газрын энгээр бутарлаа

Тээгтэй цагаан үүлс, уулс дамжин цогиод

Тэрний минь гоё инээмсэглэлд сарниж задраад л холдлоо

Халамцуухан нэгний дуулах ардын яруухан дуунд

Хамгийн эмзэг сэтгэл сэмхэн догдлоод хөндүүрлэлээ

Уран дэвүүр сормуусанд минь хичнээн зүрх сэрүүцээд

Учраа олохгүй харцанд минь бүдэрч ойчоод л босоцгоолоо

Хорвоогийн ээжүүдийн хийж урласан

Хамгийн олон өнгөөр тэр л өдрийг чимсэн

Хорвоогийн наадамд баяссан наран

Хамгийн олон цэцэгс дээр тэр л өдөр асгарсан

Хайр дагуулсан аавын эрх охин арван долоохон насандаа

Хамгийн олон харцыг тэр л өдөр цуглуулсан

Арван долоон жил хүлээсэн наадам

Аавын танхил охиныг айлын бэр болгосон

Арван долоон насны наадам

Аягүй гоё ээмэг шиг чихэнд шаргиад л хоцорчихсон

 Б Урангоо

2011. 05. 24
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)