Цэцэг оноогүй бороо : Чөлөөт таталбар 2
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Чөлөөт таталбар 2

 Чөлөөт таталбар
Манай хотын нэгэн байшингийн ханан дээрхи "Марксын сургаал үнэн зөв учраас хамгийн хүчтэй сургаал мөн"гэсэн бичээс  өнөө цагт  танд ямар сэтгэгдэл төрүүлдэг  вэ ? Надад бол тэр бичээс аль хэдийнээ үе нь өнгөрсөн,  үнэ цэнэ алдагдсан хоцрогдмол хуучин зүйлсийг санагдуулдаг.Нөгөөтэйгүүр нэгэнт хуучин зүйл учраас ховор, содон ,сонин санагдах тал ч бий.  Ер нь аливаа зүйлс он цагийн шалгуурт үлдэж гэмээнэ үнэт өв , эсвэл ,мөнхийн хэрэглэгдэхүүн болж, шалгуурт үлдэж эс чадсан  нь эвдэрч ,замхарч ,элж ,мартагддаг жамтай .
Цаг хугацаа бол мөнхийн шинэчлэгч. Учир нь цаг хугацааны дэс дараалал, мөч хором бүр ямагт шинэ байдаг.Хүн бүр цаг хугацаатай уралдан амьдарч ,цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг эрмэлздэг ч,ихэнхдээ хоцорчихдог  .Амьдралын хэвшмэл хэв маяг , тогтмол дэг жаяг зэрэг нь хүнийи оюун  сэтгэлгээг чөдөрлөчихсөн байдаг. Тийн ахуйн хэт хүлээснээс өөрийгөө чөлөөлж чадваас  цаг үеээсээ түрүүлж алхдаг . Гэвч ,тэгж чадсан нь тун цөөхөн л дөө.
Хүмүүс ихэнхдээ шинэ зүйлд удаан дасч  ,хуучнаас удаан салдаг муу зантай .Тиймээс шинэчлэгчид
тухайн цаг үедээ хүлээн зөвшөөрөгдөхгүй байх нь олонтоо ."Нийтээрээ хүлээн зөвшөөрнө гэдэг бол оюун ухаан шаардсан ажилд  хамгийн муу дүн  "Фрэнсис Бекон хэлсэн байдаг юм  .Шинэ хийгээд хуучны тухай энэ мэт яриа өрнүүлэхийн тулд  өөрийнхөө хамгийн сайн ярьж чадах( магадгүй,  миний хувьд цорын мэддэг) сэдэв дээрээ тулгуурлах нь зөв биз ээ .
Монголын утга зохиолын ертөнцийг, тэр тусмаа яруу найргийг яг одоо'' нэн шинэ" хэмээх тодотголтой нэгэн залуу үе, давалгаа мэт нөмрөн авч байна .Тэр давалгаанд , түүнтэй төслүү болон мөн чанар  ойролцоо зүйлс  нэгдэн нийлж , түүнээс тэс ондоо болон хуурамч зүйлс живж , хөвж  ,нурж, хуучирч байна .Энэ нь ч зөв зүй тогтол биз ээ.
Тиймээ, нэн шинэ үеийн яруу найраг  хийгээд яруу найрагчид хэнээс ч, юунаас ч үл хамааран, хамгийн гол нь цаг нь нэгэнт болчихсон учраас хаврын  ногоо мэт хар аяндаа л ургаж байна. Тэд хуучныг  санагалзах, шинээс эмээх өчүүхэн зуршилгүй . Нийгэм ба оюун санааны их задрал дунд төрж, өсч, эрх чөлөө хэмээх чөлөөт хашгираан дунд төлөвшсөн  тэднээс л жинхэнэ цоо шинэ, цэвэр тунгалаг зүйлс "үнэртээд" байгаа юм даа
Утга зохиолыг ердөө л  өөрсдийнхөө бичсэн шалдар булдар зүйлс мэтээр санаж ,сурталчилж ,архи, ашиг,  алга ташилтаар арилжигчид,  утга зохиолын авъяасгүйгээр арга заль ,"арын хаалга "авилгаар хаацайлагчид ,утга зохиолын чанар чансааг" жалга дов" ны  үзэл  садан төрлийн  хэлхээ, нас сүүдрийн ялгаагаар цэгнэгчид хэт олширсоор ,Монголын утга зохиол гэгч зүйл хэтэрхий хямдарч,  хямарч, хялбаршсан нь гашуун үнэн билээ .Гэвч буруугаас зөв рүү ,муугаас сайн руу ямагт тэмүүлдэг амьдралын хууль  утга зохиолд  мүн үйлчилдэг болохоор, тэгээд ч нэн шинэ үеийнхэн "дөрөөн чимээ " сонсогдоод эхэлчихсэн болохоор удахгүй байдал эрс өөрчлөгдөх нь гарцаагүй үнэн юм. Та эргэлзэж байна уу ? Тэгвэл ,доорхи шүлгүүд  (шүлгүүдээс нь тасдаж авсан мөрүүд) ийг  уншаад үзээрэй
                  Чиний тухай бодлоо үүрсээр замд гарлаа
                  Чилийсэн урт харгуй өмнөөс тосон угтана
                  Чинад холоос хэзээ ирэхээ хэлж мэдэхгүй ч
                  Чи бид хоер эргээд уулзахын тулд хагацлаа
                  Тусгаарлах орон зай мөч бүрийд холтговч
                  Туж чамайгаа санахад ойрхон ивлэх нулимсаа
                  Туулах замын турш алгаараа шууж арчсаар
                  Тулж ханиндаа гарсан өвгөн мод цэцэглэнэ
                                              ( Д Нямдорж)
                Ял аваад модонд дүүжлүүлэх
                 Навч шиг хавар
                 Яг тэгээд суллагдаад
                 Газарт буух навч шиг намар
                     ( Н Нарангэрэл)
Хадан дээр хоер эрвээхэй хөөцөлдөн  ниссээр
Нэгэн эмгэний мөрөн дээр суух нь
Ганцаардалт хань болсон
Хамгийн үзэмжит  хувилбар
              ( Д Сосорбарам)
Хаврыг би олдоггүй
Ханандаа цаггүй учраас
Энд цаг хугацаа урсдаггүй байх
 (Ш Хатанбүүвэйбаатар )
Бугын жимтэй модот уул
Усан мананд уусна
Хэн тэнд жимс түүж
 Шоргоолжны амьсгааг сонсном
(Г Оргилболд)
Алсыг харагч болон үдийн наран хоерын
Адил төстэй чанарыг өөрөөсөө ухаж  гаргалаа
Хэлбэр дүрсээс гадна төсөөлөл дотор эргэлдэх
Хэмнэл  нь бидний зүрхний цохилт адил
(О Элбэгтөгс)
... Хаалганы хонх цочсон эмгэн шиг уулга алдахад, эмгэн шиг хаалганаасаа
 Илүү их цочсон би харайж очин хаалгаа дэлгэвэл хэдэн жилийн өмнө
 Шоронд ороод суллагдсан улс төрийн хэнээтэн, халаасны хулгайч                             -Сар
Уур цан савсуулсаар урдаас мэлтийтэл ширтэж зогсов.
                         (Р.Улам-Оргих)
Эдгээр шүлгүүд танд ямар санагдав? Магадгүй, тун хөөрхөн юм гэж та хариулах биз. Зарим хүмүүс миний шүлгийг уншаад тэгж хэлдэг юм. Тэдэнд хандаж шүлгийг минь та уншаагүй зүгээр л харсан юм байна гэж хэлмээр санагддаг. Учир нь шүлгийн тухай ярихдаа хүүхэд өхөөрдөж эсвэл хүүхнүүдийн тухай ярьж байгаа мэт хөөрхөн юм  гэх нь дэндүү өнгөц дүгнэлт Хөөрхөн сэтгэл хөөрхөн зүрх тэр ч байтугай хөөрхөн амт хөөрхөн үнэр хөөрхөн мэдрэмж  гэж ярьдаггүй биз дээ Тиймээс хөөрхөн гэдэг үг бол зөвхөн гадаад үзэгдэлд хамааралтай. Харин сайхан шүлэг муухай шүлэг гэж ярих бол өөр хэрэг юм. Үгийн урлагт энэ мэт үл анзаарагдам зүйлс ч өө сэв болж харагддагийн жишээ энэ л дээ. Танд толилуулсан шүлгүүд болон нэрсийг би Нэн шинэ үеийн яруу найраг хэмээх антологи дотроос зүгээр л сугалаа сугалах мэт авчихсан боловч тэдний төлөөлөл ч, тэдний тухай төсөөлөл ч болж чадсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч  Монголын утга зохиолын гайхамшигт цэцэрлэгт та зугаалдаг бол тэнд буй нэн шинэ үе-ийн төгөлд түр ч атугай саатаарай! Яруу найраг бол жимс юм Түүнийг амтлахын тулд харах бус хазах л хэрэгтэй. Таталбарын эхэнд эш татсан В.И.Лениний гарын үсэг бүхий бичээс шиг хуучин зүйлс утга зохиолд ч бас буй тухай тэр бичээсийг яг одоо шоолонгуй харж зогсоо залуус мэт шинэ зүйлс ч утга зохиолд байдаг тухай цааш эргэцүүлэх эсэх нь таны л хэрэг. Юутай ч дээр цухас дурдсан нэн шинэ үеийн яруу найраг антологийн редактор П.Батхуягийн" та ойшоодоггүй учраас л ойлгохгүй байгаа юм. Ойлгохгүй байгаа учраас нэн шинэ үе манай үе манай яруу найрагт мэндэлж буйг мэдэхгүй байгаа юм "хэмээсэн үгээр эл таталбарыг өндөрлөсү. Оюуны бэл бэнчин арвижих болтугай!                                           Х.Нямхишиг

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Selem

Ял аваад модонд дүүжлүүлэх
Навч шиг хавар
Яг тэгээд суллагдаад
Газарт буух навч шиг намар
( Н Нарангэрэл) ene owoo bichdeg boljee. goy bna.

one man no man

shine uyee oilgohgui bol ta martagdana. tanii martagdah es martagdah hoich uyees hamaaraltai

эрдэнэтөгс (зочин)

сайхан ба үнэхээр сайхан шүлэг, сайхан таталбар. Бид тулга тойрсон яруу найргаас татгалзах цаг хэдийнээ ирчихсэн байна. Залуучуудаа амжил хүсье

эрдэнэтөгс (зочин)

сайхан ба үнэхээр сайхан шүлэг, сайхан таталбар. Бид тулга тойрсон яруу найргаас татгалзах цаг хэдийнээ ирчихсэн байна. Залуучуудаа амжил хүсье

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)