Цэцэг оноогүй бороо : Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө

Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө

1990-ээд оноос хойш ийм нэг сайхан дуу ардын дуу мэт олноо түгэн, түмний сэтгэлийг хөглөн эзэмдсэн билээ. Түүнээс өмнө “Дөрвөн улирлын өнгө”, “Учирлахын уянга”, “Багшдаа өргөх дуу” зэрэг олон шүлэгт нь ая зохиогдож монголын дууны санг баяжуулсан удаатай. “Хуртай зуны аялгуу” хэмээх нэгэн сайхан дууны үгийг зохиогч Жигжидийн Раднаадаргиагийн хөргийг хожуу боловч бичих учиртай хүн бол би юмаа. Бид 20 гаруй жил яруу найргийн замд дөрөө харшуулан явж бие биенээ дэндүү сайн мэддэг болсон байж дээ.

Энэхүү хөргийг би найргаар зүйсэн хөрөг хэмээн давхар гарчиглав. Нөхрийн минь шилмэл шүлэг найраглалын ном түүнийг бурхны оронд явснаас хойш саявтар гарлаа. “Сэтгэлийн ганганаа” нэртэй шилмэл түүвэр хэвлэлд бэлтгээд буй тухайгаа надад нэгэнтээ ярьж байж билээ. Дэндүү эрт хорвоогоос явсан нөхрийн маань “Сэтгэлийн ганганаа” номыг хань, үр хүүхэд, Э.Батчулуун, Б.Хүрэлтогоо зэрэг сайн нөхөд, шавь нь олны хүртээл болгон хэвлүүлсэн бөгөөд эл ном бол найрагчийн дүр төрх, ааш араншин, дотоод ертөнцийн толь болж чадсан учраас тийнхүү найргаар зүйсэн хөрөг хэмээсэн хэрэг юм аа.

Жигжидийн Раднаадаргиа найрагч Архангай аймгийн Тариат сумын нутаг Алтаадын Хатгины тохойн хөх бууцанд 1945 оны өвлийн эхэн сард айлын ууган хүү болон мэндэлжээ.

Хөдөө өнгөрүүлсэн бага насныхаа тухай тэрбээр их л хөгжилтэй ярьдагсан. Гэрээсээ холдохоор айгаад хонин дундаа орж суучихаад, ээжээрээ тод өнгийн том юмаар даллуулан байж үдийн хонио авчирдаг байж. Бас айлын уяатай нохойн дээр орчихоод хойд хормойгоо сэт татуулан хөглөсөн сурагч насандаа “Улаан таваар” дүүрэг, домбон ёотон, будгийн харандаа, нимгэн дэвтрээр олонтаа шагнуулдаг сурлага сайтай нэгэн байж. Хөдөөгийн хөх алсад үлгэр домог, шүлэг зохиолын амтанд их л эрт орж 1964 онд сумынхаа 10 жилийн сургуулийг төгсөөд УБДС-ийн монгол хэл уран зохиолын ангид орсон боловч Ардын армид татагджээ. Оюутны намраар сангийн аж ахуйн тариан талбайгаас цэргийн алба хаав. Өөрийгөө би чинь монголдоо хамгийн анх пуужин харвасан дайчин гэх. Бахархмаар юм шүү.

Хээрийн сургууль дээр Оросоос ирсэн байлдааны жижиг саарал онгоц Намын төв хорооныхонд үзүүлэх сургууль хийж байж. Онгоц сум шиг шунгинан орж ирснээ эгц дээш босож, эргэн годройтож шумбана. Онгоцны салхи Ж.Самбуу даргын саарал бүрхийг хийсгэж орхив. Малгайных нь араас Д.Моломжамц гуай цул цул шогшоод л… Ийм нэг амттай түүхийг Раднаа маань их л шимтэн ярих.

1967 онд цэргээс халагдаад сургуулийнхаа босгыг алхав. 36 жил Дундговь, Төв аймгийн хөдөөний сургуулиудад ардын үрсийг эрдмийн замд зуучлахдаа Д.Пүрэвдорж, С.Дашдооров, Ш.Сүрэнжав, Л.Чойжилсүрэн зэрэг нэрт зохиолчдыг түшин яруу найргийн гар ганзаганд хүрч “Мөнхийн устай хорвоо”, “Өглөөийн нар”, “Шар өдөр бор хоног”, “Адуутай айл”, “Тахилгат нутаг “ зэрэг нарийн торгон мэдрэмж, сэтгэлийн ганганаа нэвт шингэсэн сайн ном бүтээжээ.

Аль язгуур оюутан цагаасаа шүлгийн моринд дөрөөлж, “Дөрвөн улирлын өнгө” дуутай, олон шүлгээ төвийн сонинд хэвлүүлчихсэн эр хар сур шиг шандас чангарсан орь залуу шүлэгч гарч ирж билээ. Миний өмнө дэлгээтэй буй “Сэтгэлийн ганганаа” ном долоон бүлгээс бүтжээ. Ир бяр ханасан жинхэнэ халх шүлэгчийн номыг нээж эрхэм нөхрийн дотоод ертөнцөд нэвтрэн нэгэн хөрөг дурсамжийг бүтээсүгэй.

“Хөх толботой Тэмүүжиний

Атгасан божгор гарт

Хамаг Монголын заяа

Халуунаараа байсан

Ангир нар, загасан сар

Аргадан аргадан бүүвэйлж

Алтай, Хангай, Хэнтий

Аяс аясхан хурайлсан

Нүүдэлчин Монголын тавилан

Нүцгэн заларсан хааныхаа

Баривчийг эсгэхдээ

Баатрын хөө хуяг ширээсэн” гэж

“Чингис мэндлэхүйн шүлэгтээ” омог бахархлын галтай үгээр их эзнээ зурагласан бол “Нэхий өлгийдөө”

“Суран бүстэй хонин өлгийг

Сунгаж жийсэн эр билээ, би

Эсгий үнэг миний тоглоом

Ээжийн бүүвэй миний хөгжим

Хонины сүүл миний хөхөлт

Хонгор аргал миний живх ээ” хэмээн хөдөөд төрж өссөн монгол хүүхдийн дүрийг урлажээ.

Раднаадаргиагийн шүлгүүдэд хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, төрийн шагналт Д.Пүрэвдоржийн хэлснээр, “Хүний ертөнцийг өөрийнхөөрөө нээж, амьдралын учир утгыг тайлахыг эрхэмд үзсэн бодол бясалгал, ухаарлын шүлэг зонхилсон нь яруу найрагч улам бүр эрэмшин хат сууж байгаа”-гийн шинж бүрнээ илэрсэн байдаг. Сайн найрагчаас ийм үнэлгээ авна гэдэг сайхан хэрэг.

“Буруу салхитай өдөр” шүлэгтээ

“Буруу салхи гэрийн хаалга савна

Буруу амраг насны хаалга савна

Буруу архи хүний ааш савна

Буруу ухаан хүний амь савна” гэжээ. Ухаарлын найраг гэгч ийм л байдаг даа. Түүний “Хадбаатар аварга” гэж сайхан шүлэг бий. Их л уянгатай том дуугаар энэ шүлгээ уншдагсан.

“Хадбаатар аварга шоронгоос гарахад

Хамаг ардын хайр шоронгоос суллагдсан

Ухаа ягаан зодог шуудаг шоронгоос гарахад

Уртын дууны түрлэг эгшиг шоронгоос суллагдсан

Улсын наадмын баруун зүүний магнай

Угтуул амаа аваад Чингисийнхээ туганд мөргөсөн

Хаана ч байхгүй наадмынхаа сүлдэнд мөргөхөд

Харанхуй шорон ч Хадаа аваргад мөргөсөн

…Хадаа аварга наадам дээрээс “Хадан гэртээ” буцахад

Халхын шорон хүртэл зул өргөж, маань уншсан.

Ямар гайхалтай элгэн халуун хайр, энэрэл бахархлаар энэ шүлэг бүтсэнийг тайлбарлах нь илүүц болой.

Даргиа бол ийм л найрагч байлаа. Сүүлийн жилүүддээ Раднаадаргиа бодол бясалгал, эгээрэл ухаарлын олон сайн шүлэг бүтээсэн. Өөрөөр хэлбэл, хүлэг юм бол жагсарч хагсарч гүйцээд байсан юм. “Үнэн худал дэнсэн дээрээ тэрсэлдсэн бөөрөнхий өнгө мөнгө амьдрал дээрээ сүлэлдсэн бөөрөнхий үхэх төрөх үйлэн дээрээ зэрэгцсэн бөөрөнхий өчнөөн агсарч, төчнөөн аргадсан ч бөөрөнхий хорвоо” хэмээн бичсэн юм. Орчлонгийн аяг араншинг тун ч гүнзгий мэдэрч ухаарсан “Бөөрөнхий хорвоо” шүлэг нь жинхэнэ гүн ухааны найраг юм. Одоо бодоход бүүвэйн дуутай, бөөрөнхий хорвоог эрт таньсан ч орчлонгийн жамыг огоорч болдоггүйн хуулиар энэ сайхан найрагч дэндүү эрт буцаж дээ.

“Цагаан нулимстай наргиа” нэрт нөхөрсөг шүлэг нь бүтэн бүлэгт багтжээ. Цөөн мөрөөр дүр бүтээхийн эрдэмд гаргуун шүлэгч байлаа. Тухайлбал,

Өсөхбаяр далай аваргын

Дэвээ шаваа нь сийлмэл

Өвөг эцэг “Буур” шигээ

Өрж зогсох нь зурмал” гэх буюу Өмнөговийн Дэмүүл арслангийн том гүзээнд өчнөөн айлын хөхүүртэй айраг үсчиж ирсэн. “Цэнхэр Зилийнх нь” танил бараанаар Цэнгэлдэхийн хаалга онгойж байсан” эсвэл Ардын жүжигчин дуучин Долгорт зориулж

“Бодлын цагаан хунгаа” дуулахаар

Бороотой солонго татуулна

“Аргалд явсан ижийгээ” дурсахаар

Алаг зүрх мэгшүүлнэ гэх агаад

Ардын уран зохиолч П.Бадарчид

Есийн есөн хатдад

Сэвчихсэн “хар толгой”

Ёсын төдий дарсанд

Савчихсан “шар толгой”

Болор цомын “Тэмээтэй”

Буйлаатай “буурал толгой”

Есөн эрдэнийн оронтой

Ерөөлтэй “Цагаан толгой” гэсэн байдаг.

Найрагч хөдөө төрж өсөж, туурвиж явсных ч биз, олон шүлэг нь энэ сэдвээр бичигдсэн агаад жинхэнэ монгол сэтгэл, монгол зураг, монгол хөдөө үнэртсэн тэдгээр шүлгүүд нь манай яруу найргийн урын санд маш өвөрмөц хөг аялга, дүр дүрслэлийг авчирсан болой.

Оодгоносон тугал аргамжааны гадсаа суга татна

Ойж буусан айраг тагнайн загатнаа үргээнэ

Цэргээс ирсэн залуугийн харц

Цээнээгийн энгэр тэмтэрнэ

Цэвэр хайраараа бүсгүй цэнхэр тэрлэг эмжинэ

…Ноорсон бор үүлний сүвэгчин чөлөөнд

Гүцэн хөх тогоруу бороо дуудна

Номхон бүлээн толгодын энгэр чөлөөнд

Гүзээ нүцгэн хүүд тогоруу дуудна

Ишилж авсан дээрх 8 мөр шүлэг бол цэвэр монгол найраг, “Сэтгэлийн ганганаа” юм.

Сарлагийн үнээ шилрэхдээ

Уул давж тугаллана

Сарлагийн бух дошихдоо

Үүл давж өвөлжинө

Хангайд төрж өссөн хүний үг яг мөн дөө.

Тэрээр хангай, говь, талын тухай тун олон зургийг өнгөтэй, үнэртэй, дуутай хууртай нь бүтээжээ.

Хайрын тухай, үр ханийн тухай уянгын шүлгүүдээрээ сэтгэлээ тэр нээжээ. Гэргий Дулмаадаа зориулсан “Инжтэй бурхан” хэмээх сайхан шүлэгтээ

Архайж дархайсан эрчүүдийг

Раднаагийн хүүд гэнэ

Инжтэй бурхан гэж

Эхнэрээ би хайрлана

Амраг чинийхээ

Алтанхан хэвлийд

Тав дахин амилжээ би

Таван сар тээлгэжээ би

Хайр хүндлэлийн халуун үг гэдэг ийм ажгуу.

Раднаадаргиа дууль найраглалаа гурав, дөрөв, таван мөртөөр бүтээдэг онцлогтой. Хэр баргийн шүлэгчийн хийх ажил биш. Аугаа их Д.Пүрэвдорж л энэ аргаар урладаг байсныг цухас дурдъя.

Энд нэг үгийг зориуд хэлмээр байна. Асгарсан их авьяастай энэ найрагчид МЗЭ-ийн шагнал олдоогүй.

Ямар ч шагналд тэнцэх сайн бүтээлүүдтэй авьяаслаг эл найрагчийг мартсан нь харуусалтай. Гэвч Раднаадаргиа “Айраг шуугин шуугина иснэ ээ. Айлын бүсгүй дуулан дуулан өснөө” гэсээр, Өвгөн зээрд, Элдүүрчин, Хайр зэрэг дууль найраглалаараа монголын яруу найрагт мөнхөрчээ.

Ардын олон үрс, авьяасыг нь нээж ачлал дэмээ өгсөн залуу шүлэгчдэд (Б.Хүрэлтогоо, Эрдэнэбаатар зэрэг) эрдэм ухаан, үлэмжийн их халамж тусаа хайрласан энэ найрагчтай уулзаж учирч, ярьж хөөрч, нөхөрлөж явсан тухайгаа би бичсэнгүй. Бичих аваас бүхэл бүтэн тууж болох буй заа. МУСГЗ нэрт найрагч асан Ц.Чимэддорж:

Задарсан их авьяас

Раднаадаргиа

Зайлуул найрагчдаа үзэхээр

Раднаадаргиа

Агсан морин дээр

Раднаадоргио

Алтан хээтэй шүлэг нь

Раднаадэргээ

Хөхөрч суугаад дуулах нь

Раднаажиргээ

Хөө хар сахал нь

Раднааширвээ

Найрын зээ түрлэгэнд

Раднаанаргиа

Найргийн их урсгалд

Раднаадаргиа хэмээн хэдэн жилийн өмнө найрагчид зориулан хэлсэн билээ. Энэ шүлэгт Раднаагийн дүр тун тодорхой буусан байдаг. Хүн хүнээ хүндлэн хайрлахын учир энэ. Өөрөө ч тэр “Жинхэнэ яруу найргийн жудаг ёс, хүн байхын эрхэм ариуны нэр төр” (Б.Хүрэлтогоо) байж дээ.

“Хонин өлгийдөө анх

Уйлж орсон улаан хүү

Хонин өлгийнөөсөө сүүлд

Инээж гарсан цагаан хүү” Ж.Раднаадаргиа найрагч асны “Сэтгэлийн ганганаанаас” ургуулан бүтээсэн найргаар зүйсэн хөргийг үүгээр жаргаавай.

Э.ХАШЧУЛУУ

Үндэсний мэдээ
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Б.Бүрэнбилэг (зочин)

Хөдөөгийнхөө хөх өвсөнд дунд, Айраг шуугин шуугин иснээ хө, Айлын бүсгүй дуулан дуулан өснөө хө гэж энэ найрагчийн сайхан дууг аяланхан, морин дэл дээр дэргүүлж явсан дурсамж сэдэрч байнаа.

◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

mmm zuv2

Dorjsuren (зочин)

Ts.Chimeddorj ahiin neg iim goe chuleg baidagdaa...nutagaada guisen mori nuuts towchoonii buh aduug daguulj guisen mori geed

Багира (зочин)

Эрдэнэбаатар аа,чиний блог таалагдлаа.Нутагтаа очоогүй 8жил болсоноо сая л анзаарлаа.Нутагаадаа гүймээр санагдчихлаа...

Mungun shagai (зочин)

TS.CHimed dorj bol gaihamshig

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)