Цэцэг оноогүй бороо : ЗАНГИСАГ ҮГ
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

ЗАНГИСАГ ҮГ


ЗАНГИСАГ ҮГ
Бичээч би бээр Өвөр монголын яруу найрагч Е.Балжинням хийгээд номын ах дүү нарын урилгаар Өвөрлөгч ах дүүс рүүгээ зорих минь их билээ. Тийм нэг аялалаараа Өвөр монголын”ЗО-УД” аймгийн уугуул Р.Рашдооровтой Е.Балжинням танилцуулсан юм. Тэрбээр 1962онд төрсөн. Өвөрмонголын Их сургуулийг 1985 онд төгсөн, Өвөр монголын Ардын Радио хорооны “Монгол  утга урлагын хэлтэст” найруулагч, редактороор ажиллаж байгаад 1996-2005 он хүртэл Япон улсад суралцаж ирээд, түүх соёл, зөн билэг, ёс суртхууны тал дээр их л нухцтай, даацтай нийтлэл, найруулалын ном бичиж байгаа нэгэн аж.  Тэрбээр:- Өвөр монголын  өнөөгийн яруу найргийн манлай, шинэчлэгч, яруу найрагч Б.Буянхишигтэй хамт Япон улсад, мөн Өвөр монголынхоо Их сургуульд нэг байранд, нэг өрөөнд, төдий олон жил хамт суралцаж, эдүгээ ч найзалж, нөхөрлөж явааг нь сонсоод  “Өөрийн хайрлаж хүндэтгэж явдаг найрагчийнхаа тухай түүнтэй ярилцаж, шүлэг зохиолыг нь хэлэлцэн суух... яруу найрагч миний нэгээхэн жаргал байсныг хэлэх юун”.  Р.Рашдооров бээр “Зүүдний тайлбар толь”, “Нүдэн сормус” зэрэг ном бичжээ. Ер нь Өвөр монголын утга зохиол, яруу найраг нь дээд, доод түвшины асар их ялгаатай бөгөөөд манай “Болор цом”тэдний “Тэнгэрийн ботго” мэтийнхний төсөөллөөс хавьгүй өөр болохыг би дараагийнхаа”Өвөр монголын яруу найргийн өнөөгийн шинэчлэгчид...”  гэсэн нийтлэлдээ тодорхой үгүүлэх болно. Ингээд Р.Рашдооровийн 2011онд хэвлэгдэж буй “Нүдэн сормус” номноос доорхи нийтлэлийг сонгосоныг таалан болгооно уу!         
                                                        Яруу найрагч бичээч БАНЗАЙН ХҮРЭЛТОГОО 
МОНГОЛ ОХИДОД ИЛГЭЭХ НОТ БИЧИГ...
            /Монголын 900 охид солонгос эрчүүдийн хавтагад шингэсэн буй...                                                                     Харь угсаатнуудын дэлэнтэй дэвсгэр болж байгаа дэлхийн бүх монгол охидод.../
1
Ээ!  Элэй халаг! Цаадах чинь алдрайхан зүрхийг чинь хөлдүү мөнгөнд баглаж, ариун дархан алтанхан умайд чинь хүйтэн жин талбисангүй ч яахав! Ар гэрийн чинь монгол эрчүүд, хөнжилдөө цантаж, аавын чинь нутаг өрөөлын жаварт хусархнээ!  Маргаашийн Чингисийн эх, миний монголын охин цагаан тэнгэр Өүлэн ээжүүд минь! Их төрийн зоригт  Мандхай цэцэн хатан эхчүүл минь! Жингэрхэн зүүдэндээ хонгорхон инээсэн монголын галбир охид минь! Маргаашийн чинь тухай юу хэлнэ билээ! гэхээс аав нь, ах нь гэж ярьж чадахгүйн учир, аль галавийн төрлөө өөрчилж төөрсөн нэг нь бэхтэр хуягтай монгол эрийн зуурдын нэгэн сүнс болж өвөр дээр чинь суун- “Ээж ээ!!!” гэж дуудмаараа... Эд мөнгөөр эргэж булингартсан энүүхэн дэлхийд монгол эрчүүд арчаагүй гэж жигшивүү! Зэвүүцэв үү! Юу гэвээс европчууд: “Нэг төрлийн тэнэг маанаг өвчинг” монгол маягийн өвчин гэж нэр өгсөн. “Мэн” үсгээр Монгол гэх үндэстэний нэр аравнайлагдаж, тэргүүлэгчээсээ эхлээд түмэн ард нь хүртэл дуудуаж, тэмдэглэж байсан ч яамай... “Тэнэг” гэж хэлээд тэнэг болох биш!  “Мунхаг” гэж яриад мунхаг болчих биш! хойно доо! Хятадын Мин улсын Шо Да Хин: “Байдаг муу ухаан бүр тэднээс гарна!” гэж шүд хавиран хараасныг манай эргүү түүхчид “Үндэстэний хорслоос боллоо!” гэсэн үнэлэлт өгсөн дөө. Чааваас! “Гэтэл тэр хараалынх нь ард ухаантайг нь шагширсан үг цухалдаж байхыг юунд анзаарсангүйв дээ” та минь! Тэгсэний чинь сайнаар “Монгол үндэстэн бол асар цайлган цагаан, зочинсог, дуучин, шүлэгчин” гэнэ. Тал нутаг бол эцгийн чинь илүү гэр, эхийн чинь үүр, манайд ирээрэй! манайд ирээрэй! гэж жорлонгийн нүхэнд годройтож унаталаа дуулддаг болсон доо! Ухаан загалмайлж, сэлэм өргүүлж, дэлхийгээ үймүүлсэн түүхгүй юм шиг солгойтох юм. Тэнэгтээ биш! Шуурган аав гуурсан шилэнд ишиг майлуулж суусангүй бол “Колоны аргаар” эсийн аргаар мэргэжил аль үед төрөх хучлага болох билээ дээ! Япончууд далай алмалж/алсалж/ байж дөрвөлжин үсгийг зээлсэндээ их олзуурхдаг бол, бид чинь хэдэн мянган жил, хэрмийн цаана наана        - Хөөеэ! Хааяа! гэж харааж зандарч,хашгиралдаж зөвшилцөж явсан ч хүнийхийг биш! “Өөрийн босоо үсгээ зохиосон” нь мунхаг биш юм. Ай хөөрхий! Хээрийн чонотой нөхцөж чононцор төрүүлсэндээ тунирхаж, хашаатай хонинд нь чоно орход, хэнэг ч үгүй цагиргалж хэвтэдэг гэрийн өлөгчин байдаг гэлээ! Ирэх төрлийн Өүлэн эхчүүд минь! ирж буцах цагийн Мандухай цэцэн хатад минь! “Тээгээд гарсан тэрэг чинь, тэнхлэгээрээ хугараг...”гэж орхимж үгүй лам нар номоо мартан дуулнам. Монголын хөх эрчүүд эхнэр хүүхнээр үгүйрч, монгол дайчдын гэгээн сүнс эхийн умайгаар эзгүйрнэ! Он оны аялгуу, олон сайхан Жинжиймаад минь дээ!
2
“Монгол эрчүүд залхуу зайдан” гэж дэлхийгээрээ хараадаг. Өөрсдөө ч бас хараах юм. Төрлөхийн геннед нь учиртай юм шигээ! Монголын өндөрлөгөөс хөтөлгөө морьтой хөдлөж “Москва уруудаж, Герман өгсөн дайтаж явахадаа, залхуу өвчин нь хөдлөөд замаасаа буцаж ирсэн монгол дайчид байсан!”гэж аль өвгийн чинь сударт тэмдэглэсэн байнаа?!  –Дэлгэр зун хонь малаа баранш нь залчихаад, буцаж ирээд дугжирна… Нүд нухлан босоод хүйтэн цайгаа хэд залгилан “Өчигдрийн шар хэцүү!”хоосон лонхны ёроол руу өрөөсөн нүдээр шагайна! Тэгэж тэгсээр гэрээсээ алс хойш гараад гэлдэрнэ... Адуу малаа арын хонхороос амдаад авна. Учир нь зүүн хойноос жавартай! Үдшийн гүнд үлгэр туулиа ярьсаар гурван марал гудайлгана. Маргааш халах нь! Хүйтрэх нь! Салхилах нь! “Малаа хааш нь гаргая!”хэмээн шингэн мөр үзхэдээ… “Сансар орчилонгоо шинжиж, амьдрал ахуйгаа од гарагаар зохицуулдаг!” монгол эрчүүд. Тиймдээ! Мянгад Манжид төрсөнгүй! “Монголд” мэндэлжээ! Урсаж, оршиж ирсэн түмэн жилийн байгаль, мянган оны амьдралд гар хөлөө дутуу хөдөлгөж, гавал тархиа илүү зарахын ухааныг соёрхсон юм. Залхуугийнх биш! –Ай Хөхий! Үрийн хайргүй хөхөө шувуу бусдын үүрт өндөглөж, өндөгөө орхиод явдагч, “Сайныг айлдан шагширдаг юм гээд шаазгай сүүлдэж, янхандаж дэрвэсэн хөхөө байдаггүй юм” гэдэг! “Зүс нь хар ч нүдээ аньчихвал болчихно!” гэж “Хэрээ дагаж оосголж явсан хөхөө байхгүй!” юм. “Үрийн хайргүй ч яалаа!”гэж “Удмаа дагаж янагладаг!” юм. Ирэх төрлийн Өүлэн эхчүүд минь! Илдэлж буулгах Мандухай цэцэн хатад минь! Эрээ гомдоох вий! гэж тэлээгээ хүртэл нууц зангидаж, явуулын хүнээс зээр шиг зайддаг, зун зуны цэцгэс, зуун эргэх! гоо дагинас минь!
3
Монгол хүнийг согтуу хөлчүү гэх юм. “Умарын хүйтэнээс боллоо” гэвэл “Өрөөсөн гуя нь доглон” гэсэн үг. Анх мэдээ орсон цагаасаа арван найм хүртэл “Сайн хүн болно” гэж! “Эв хамтын байлдагч болно!” гэж...”Ертөнцийн ёс зүйг өвөлгүй зун байдаг!” гэж... дан тэмээн тэгнээтэйгээр ойлгож байсан юм. “Вөн тань шан”нь үндэсний баатар болоод, Өөлдын Галдан бошготийг үндэстэний хагацуулагчаар найруулсан хичээлийн сурах бичгийг хар мугуйдаар тас цээжилж, Их сургуулийн хүрээнд өлөн бөөс нүдлэн шургаж байлаа даа! Ай Хан тохой нутаг дээрээ амины хэлээрээ сураад, ажил олохгүй гиюүрлээс “Гэнэт би чинь монгол хүн шүү дээ!” гэж ухаархаар: -“Нүх, тамд хальт гишгэсэн мэт болж , аливаа сурсан мэдсэн бүхэн хоосон хөмөг болон ертөнцийн хонгилоор шуурч одно. Гачигдахадаа: “Гаадан мээрэнг”дуулж, гаслахадаа Нуунзаяаг гиншсэн согтуу оюутан, хөлчүү залуус бүрэнхий гудамжинд сүүтэгнэсээр үдшийн харанхуйд үгтэй дуутайгаа уусан далдрах нь зуурдын сүнс шиг харагдав уу даа. Ай Хөхий  минь! Согтуу тэнэгээс нь жигшсэн бол “Архинд ам хүрдэггүй Араб руу” юунд хормой сөхсөнгүй вэ?! Нанжид сархадыг монголоос илүү гудрахаас биш, дутуу сордоггүй арлын япон, алсын солонгос, арын орос, айлын хятадуудаар ариун хормойгоо урвуулж байдаг чинь архиных биш л дээ! Ирэх төрлийн Өүлэн эхчүүд минь! Итгэл алдаагүй Мандухай сайхан хатад минь!
                                              ... Малын гэрийг нь тойроод
                                                  Манан хүдэн татаг…
                                                  Манай хүүгийн мөрийг
                                                  Салхи бороо дараг... гэж
Бумбын орныг минь түйтгэхээр явсан мангас хүүгийнхээ хойноос маань мэгзэмээ уншиж, хоёр хөхөө хоёр мөрөн дээгүүрээ солибон хаясан мангас эх болохыг чинь үзэж түвдэхгүй нээ! Арван хоёр толгойтой, арван гурван хэлтэй, арзгар хар мангас зээгээс монгол нагацынх нь галын бурхан хүртэл гасалж зугтаадаг! туультай юмаа. Үе үеийн хонгор зул, үнэн ногоон дарь эхүүд минь!
4
Монгол эрчүүд муйхар бүдүүлэг гэх юм. Хүүхдээ хүртэл “Чингис” ирлээ! гэж айлгадаг европчууд байдаг л... Боловсонд балаг тарисан дээрэмчид хэмээн занадаг нь ч үнэн. Монгол дайчид зүүн сүвээгий нь чичиж, зүүн сугыг нь гижигдээгүй бол, Атлантийн далай руу  аминд нь тултал шахсангүй бол, аль галавт Америк тивийг илрүүлж, Вашингтон Линкол хаана төрөх  байсан бол?!  Азийн гүнээс өмд ганзаглаж үүдэнд чинь хүргэж, морин дээрээсээ шидэж өгөөгүй бол “Монно-Лиза”чинь өмдгүй зурагдах байсан. Учир нь: “Өөрийг би мэдэхгүй ч, өршөөлт тэнгэр Есүс чинь хүртэл өмдгүй нүцгэн шилбээ хадуулж байсныг түүх мэднэ. Нэг боловсныг нөгөөд нь шилжүүлж өгсөн, нэгэн үеийн зууч эцэг монгол дайчид минь. “Цагаан хэрмийг барьсан үндэстэн нь аугаа юм гэхэд, бариулсан үндэстэн нь бүр аугаа их юм.”гэж өвгүн Ренчин айлдсан гэдэг нь бүдүүлэгдээ биш! Ай Хөхий минь... Чингис цусаар уруулын будаг хийж, чин хайраа цэвдэгийн элгэнд цорвойлгосоноос, өрөөлийн нүдэнд уут саваар үзэгдэж, Өвөр монголдоо түүхий махаар харагднам. Ирэх төрлийн Өүлэн эхчүүл минь! Илд буулгасан Мандухай цэцэн хатад минь... Сар, наранд сацал өргөдөг хөнөг чинь авдар дээрээ гуниглаж, саамширч чинэсэн үнээд чинь зэлэн дээрээ мөөрөлднөм. Эзэгтэйгээ алдсан эр бор харцага эх дэлхийдээ исгэрнэм. Нар ургах зүүн талдаа орыг чинь засаж, сар ургатал хүлээж суух монгол эрчүүддээ хайр дэрлүүлж саатаач! Цэцгийн сайханаас зүсний буян хүртсэн монголын гоо охид минь.                                                 
5
Монгол эрчүүдийг эртнээсээ аваад өнгө мөнгөний өлөн чөтгөрүүд гэж гүтгэдэг. Америкийн Буш Арабын чулуун тосонд горилж Садамыг дүүжилж алсан бол, Аль эрт Хүлүг хаан Багдадын халифийг барьж эд эрдэнэсийнх нь сан хөмрөгд хорьж хоол унд өгөлгүй “Алтаа идэж, мөнгөө уу!” гэж даажигнан өлбөрөөж байсан л даа! Бидэнд мөнгөний хорхой байхгүй ээ! “Нохойны оронд сансарт нислээ1” гэж Ж.Гүррагчаа гуайг муулдагч, шинжлэх ухааны магнай дээр монгол сансарын нисгэгч заларч, дээд эсийн хийморийг бадрааж явсан нь үнэнээс, сарны дагина”Чаи э”-тэй ханилна гэж хий хоосонруу тэнэж төөрч яваагүй ээ! Энэ л  бөмбөрцөг, энэ л монгол орон, энэ л монгол бүсгүйнхээ дэргэд, их санаж буусан даа! Өнгөний чөтгөр бишээ! бид.  Ай Хөхий минь! Монголын “Сэг зэм эм” манжийн эзний “Шо жу ван”хатан төрхөмийн голомтруугаа хойтхоороо даллага авч эцгийнхээ галыг гурван зуун жил харлуулсан гэдэг. Ирэх төрлийн Өүлэн ээжүүд минь! Итгэл алдаагүй Мандухай цэцэн хатад минь! Энэ их хээр талаас, энэ их уул уснаас, ээжийн намуун бүүвэйн дууны өлгий эзгүйрүүлэн явбал “Эх орон минь” гэж дуудах алдар чинь цөвтнөм! Жингэнэх зүүдэндээ хонгорхон инээдтэй, монголын галбир гоо охид минь...
6
Монгол эрчүүд. Арилжаа худалдаа нь арчаагүй гэдгээ!  Одоо болтол дэлхийгээс монгол руу хандуулж хэлсэн ганцхан зөв үг! Арга үгүй дээ. “Худалдаа”гэдгийг бид “худал хэлэх” гэж жигшиж байсан. Худал хэлсэнг өөрсдөө цээрлэх ялтай юм. Түүхийг бид үнэнээр зураглаж ирсэн! “Түүх” гэдэг тонгорч яваад, тонгойж шээдэг”Шээрэн бамбуу байжээ” гэж хэн мэдлээ дээ. Хэдэн мянган жил үнэний зүүдээр бөх нойрссон”Худал даа!”гэдгийн ашгийг анх сэрж мэдэрсэн монгол эр бол Тэмүчин байсан юм. Түүнийг нь бид омоорхон үнэнд бодоогүй найман зуун жил үхэхийн наана болтол нам унтсан байна. Цочиж сэрлээ! Хар дарж сэрлээ! Хэлмэгдэж сэрлээ! Одоо бид сохорын газар сохор, доголонгийн газар догол болж! ”Сортойгоосоо бууж, согтуугаасаа сэрэх” болсон. Чингис аавын зуун худалдаачны зуурмаг сүнсэнд тахил өргөж, дөрвөн сая монгол худалдаачин арилжаачны замд өндийх болсон! Арилжаа худaлдаа гэсээр, Еврейчүүдийн санаж олсон нь, энэ дэлхийн нэг архаг өвчин биш, үнэн ёс юм байна. Тэд “Бүхнийг захирагч хэмээх арван номыг бичсэн” гэхэд дэлхийн гурван том туулийн хоёрыг нь бүтээсэн ур ухаан бидэнд байдаг юмаа! Тэд “Юрусламаа тэнгэр мэт шүтдэг хатуу сүжиг байна” гэхэд, бидэнд”Монгол  нутгаа! гэж тас тэвэрч үхэхээс буцахгүй голомтын үзэл” бас байна. Тэд арван номоо үүрч 2000 жил дэлхийг тойрч, худал хэлж, эцэстээ Юрусламаа зорьж улсаа цогцлоосон бол, бид монгол нутаг дээрээ, монголоо үүрч, хааяа өвөр дээрээ бүүвэйлэн байж”Худал хэлж” эхлэхнээ! “Үнэнчээс!Худалч!”болтол явж ирсэн замаа хархад, хүн гэдэг гозгор чөтгөр, сайны соргогд хашин хайнаг шиг боловч, мууг сурхадаа гал цахилгааны гялбаа шиг юм байна. Удалгүй дэлхийн их хөлийн арилжаачин дотор хэдэн монгол”Худалчийн” нэр тодорч гарах нь гайхамшиг биш, энгийн үзэгдэл болох юм. Дэлхийн амаар нь орж, аарцгаар нь гарч үзсэнгүйгээс бусдыг бүр хийж өнгөрсөн энэ угсаатан чөлөөт үед нэг нэгнээ годолж, говидогч, цөвүүн цагт зангидсан нудрага шиг энэ үндэстэн дуртай зүгээ олж, хандах чигээ харсан цагт юу бүтээж чадах вэ? Ай Хөхий... Энүүхэн чөлөөний суган доогуур, эрх хөөрхөн тагтаанууд нисэж одхуйн учирт, эр дайчид минь эхнэрээр гундаж, эх орон минь үрээр гансарч, эцгийн голомт нь үнсээр нурамшина. Ирэх төрлийн Өүлэн ээжүүд минь! Итгэл хайрын Мандухай цэцэн хатад минь! Өрөөсөн хөхийг чинь үлбэ сорж, тал сэтгэлийг чинь тайвшруулагч Тэмүчин эзний тэнэсэн хувилгаан энгэрийн чинь товчинд наран болж ороолдном! Хоёр мээмийг чинь ховх шимж, ховдол зүрхийг чинь бүрэн ангижируулагч Хасар богдын номч сүнс дотоод хормойг чинь даган салхи болж хуйларнам. Тэнгэрийн цагийг эргүүлэх тэр одод төрөхгүйч гэсэн яахав! эцгийн голомт сахих “Отгочиныг” ч гэсэн заяагаач дээ! Зүрхний тамираас, ухааны дээж аньсаглана... Зөн билгийн нарыг тооноор татан амраглагч, зөөлөн цагааан бэлхүүсэндээ газрын судасыг хөвөрлүүлэгч миний монголын сайхан бүсгүйчүүд, мөнх тэнгэрийн авааль хатад минь. Хурай... Хурай... Хурай... Цөөг... Цөөг... Цөөг...Шөөг... Шөөөг... Шөөг...




start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Атаархуу Азаа

хурай хурай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)