Цэцэг оноогүй бороо : ШАНАЛАНГИЙН НӨМӨРТ ХОРГОДСОН МИНЬ...
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

ШАНАЛАНГИЙН НӨМӨРТ ХОРГОДСОН МИНЬ...



ШАНАЛАНГИЙН НӨМӨРТ ХОРГОДСОН МИНЬ...
“Шаналангийн нөмөр” гэдэг нэрийг хараад. “Шаналан нөмөр болох” бодол төрхүй “Байхгүй нь байхын эхлэл, дутах нь олохын өмнөх”, “Саад бэрхшээл бүхэн чамайг сэрээж, чамд  боломж олгох дохио байдаг...” хэмээх сайхан үгүүдийг бодлоо, би... Яруу найргийн ертөнц цаглашгүй уудам билээ. Түүний ямххан зайд “Бийр ичээн, бэх халтардуулагч” над дээр янз янзын л хүмүүс ирдэг. Нэг өдөр чимээгүй, мөн түүн шигээ элдэв ачаа чимэггүй нэгэн ирээд, бичсэн шүлгээ өгөөд, ирсэн шигээ мөн л чимээгүй явчихсан нь, хэд хоногийн өмнө надруу утасдаад “Миний шүлгүүдийг нэг уншаад үзээч”гэсэн тэр хүн буюу хожим нь М.З.Э-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, М.З.Э-ийн хорооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг нартайгаа Вьетнам орноор зорчиход, дөрөө нийлсэн яруу найрагч Б.Баясгалан маань байлаа. Түүний шүлгэн хүлгүүд зэрвэс хархад туниа муутай, шар үснээсээ салаагүй шахуу хэдэн үрээ, сарваа харагдсан бол уншаад үзтэл “Түмэн эхийн шинжээ чандад хадгалсан онцгой сонин, содон, бас гоёмсог хүлгүүдийн үүрсэлт, янцгаалт, ааш аяг, алхаа гишгээ, төвөргөөн сонсогдсон нь” түмэн эхийг хараад таних эрдэмгүй нэгэнд сургамжтай сайхан байлаа...
                     Түр зуурын бороонд
                     Нэгэн шүхэрт хоргодоходоо
                     Төөнөсөн алаг нүд нь
                      Хувцас хатаасан бүсгүй
                          Зүрх хэмээх хаалгаар
                    Эхнэртэй минь зөрөлдөхөдөө
                    Зүүдэнд дандаа ирж
                     Гарыг минь зөөлөн атгадаг...
                                                                  түр зуурын бороонд...
                      Бүрийгээр биесээ дуудсаар шувууд буцлаа
                      Бүрдний зэгс ч чамайг дагаад шингэрчихлээ
                      Эмзэглэл гуниглал намрын салхинд нэрэгдэвч
                       Эрвээхий сормусны дэвэлт бүхнээр арчигдана
                                                                                 Бүрийгээр...
Тэр ийм гэгээн... Түүний мэдрэмж алс тэнгэрийн хаяа руу одох шувуудын цуваа цэг болон тасрах шиг... сонин агаад бодитой юм. Бодит ертөнцийг урлах хийсвэрлэл нь хоосон, хоосныг ихэрлүүлсэн тэмдэглэл нь бодитой нь сэтгэлгээний яруу найргийн нэг илэрхийлэл байлаа. Энэ нь жинхэнэ яруу найрагчдын хувьд бол инээд алдан, алга таших, баяр хөөр, шинэ мэдрэмж мөн.
                 Өндөрөөс унахадаа, үнхэлцэг нь 
                 Хагарсан байж мэдэх, навчис
                 Өвсөн жадан дээр, унахад
                 Зүрх часхийн, хатгагдана...
                        Намрын ачаан дээр даруулсан, сүнс
                Чихний хэнгэрэг хагартал, бөмбөрдөнө...
Энд хичнээн ихийг үгүүлнэ вэ?  Тэр сүнс хэн,юу ч байж болно. Өчигдөрхөн зунтай хөтлөлцөн гүйж явсан бүхний инээд хөөр,ижилдэн дасалцал, найрссан хөг, өнөөдөр эмзэглэл, хоргодолт, гуниглал, тийм нэгэн гуниглалтай хэрнээ зөөлөн хөндүүрлэл, хайр, энхрийлэл, нүүдэл, навчис,салхи, салхны дэрвээ болон хувирах улирлын  өнгө... Нүүдэллэх ертөнцийн хэц дээрх намрын, ирж, буцагсадаа үдэх, тосох, дуу чимээ,  үйл хөдлөл, үг яриа...  Бид ч гэсэн тэнгийн ачаан дээр даруулчихаад”Алтайг” хэнэггүйхэн зоригсодын удам. Хэц байцын дэнхэн донхонд, хонины сүүл хөхөн, хальсан бөмбөрөө нүдэн ход ход инээн тэнгэр харж, унтаж сэрэгсэдийн зүүд, зүүдний үргэлжлэл, сүнсний хашхираантай найрсах юун.
                 Шаналангаа өндөглүүлээд  зүрхэндээ дарья
                  Яргуй дуншихад жигүүр дэвээд
                  Гөлөглөсөн мөчир дээр
                  Болжмортой хамт жиргэг...
гэх найрагчай хамт байхаас өөрцгүй.

                  Гуниг эгэлдэргэлсэн борогийг
                  Үхэр амталахад
                  Чихүүдэс хүрч
                  Бие тавгүйтэнэ...
Сайхаан сайхан.  “Өвс идүүлж байж ургадаг.”  “Гуниг эгэлдэргэлсэн борогийг үхэр амталхад, чихүүдэс хүрч, бие тавгүйтэх...” ийм эмзэглэл,  ийм мэдрэмжээ бид харин нь хэзээ? хаана! гээсэн юм бол. Аливааг ингэж харж, сэрэх ямар сайхан юм бэ? Энэ  өөрөө яруу найраг.
                Дээврээс хальтран
                Хананаас дүүжлэгдэх
                Нарыг
                Сүүдэр аргадан
                Шөнийг үзүүлэхээр
                Оддыг дуудав.
Яруу найраг ямар ч болзолгүй, цаг хугацаа, орон зайд хязгаарлагдахгүй, төсөөлөшгүй,санамсаргүй төрдөгийн нэг жишээ дээрх шүлэг байж таарна. Үнэн үү? Үнэн. Худал уу? Худал. Худалд худал! Үнэнд үнэн! Ямар нүдээр харна. Тийм л үнэн төрнө. Тархины түгжээг мултлагч бүхэн нэг иймэрхүүл хэлбэрд оршин буй. Худалгүй үнэн. Үнэнгүй худал.
        -2-
          Урь судлаар нь гүйхэд
                  Газар жаргалтайяа нүдээ анина...
                  Эр эсийн бороо
                  Бүлээн оргиулан нэвтчихэд...
            Хаврын түймэрт идэгдсэн
            Залуухан хус
             Зэрэмдэглэгдсэн төрхөөн нуун тонгойвч
             Шаналсан эрхтэн нь давирхайгаар уйлна.
              Давирхай нэрнэ...
Яалтай билээ дээ! Хорвоо! Түмэн бодисын үйлийг ухаарч төсөөлөлгүй, түүний гоо сайхан, энхрийлэлд мэхийн ёслолгүй өнгөрөөсөн цаг хугацаа бүхэн маань яасан харанхуй, яасан ч харамсалтай... Яруу найраг маань  ч энэ эмгэнэлээр өвчлөөд, дэлбээ, цомирлогийн тухай хашхиралдагсад  үндэс, ишийг умартах, эдүүгэ цаг дор, ийм нэгэн яруу найраг төрөх нь яргуйн зүүд...
                  Эрвээхэй шүхэрээр
                  Зөөлөн газардах
                   Анхны цас
                   Эртний үрийг
                   Мөнх байлгах гэж
                   Өлгийдөнө...
Цаг хугацааны хайр ийм аж. Түүнийг мэдэрсэн найрагчийн сэтгэлийн хэц дээр хайр, ухаарал,харуусал, бодлогширох нь дэндүү тансаг, дэндүү эмзэгхэн, бас гоё ч юм.
          Сансрын хөдөөд
          Амьдарч буй ихэс
         Санамсаргүйн цоорхойгоор
         Дэлхийг хараад
         Санаа алдах нь...
          Өрөх тогших 
          Борооны
          Гурван дусал...
                          Сансрын хөдөө
Орон зайн ихэсгэл, багасгал, өнгөрсөн одоог ингэж үдэх яруу найрагч орчлонд хэд бол!
Яруу найрагч бүхэн адаглаад нэг, ийм хэмжээний мэдрэмжтэй бол, орчлон хорвоо бидний боддогоос их л өөр байхсан. Тансаг, бодитой, уран, гоё, шинэлэг, сайхан байнаа. Яруу найргийн олон нэр томьёо байдагч, яруу найраг нь нэг л байдаг. Түүний хэлбэр, агуулага ямар нь огт  падгүй бөгөөд хэн юу гэж нэрлэх нь, тэдний ойлголт болохоос, ямар нэгэн измд хамааруулах гэсэн бодолхийлэл нь  шүлэг биш, шүлэглэл болно. Шүлэг төрөх, хүүхэд олдоод төрөх хоёр адил гэж би боддог. Тэд жоргүй ч, төрдөг хуультай. Магадгүй энэ нь харин нь ч санамсаргүйн хамгийн үнэн хууль байж мэднэ.
Тэрнээс  одоо төрүүлэх хүүхэд маань  айхавтар модернист, постмодернист, сюрреалист идеалист хүүхэд төрүүлнэ... гэвээс инээдтэй хэрэг болох буй за? Хүүхдэд эцэг эх, хэн нэгэн нь нэр хайрлаж болдог бол шүлэг яруу найраг харин нь өөрөө өөрийнхөө нэрийг олдог...
       Гуниглалаа
       Санаа алдалтаар
      Баллуурдахад
       ЗӨН
       Сэрхүйн цэг дээр
      Шанаа тулан
       Бодлогширно...
             Гуниглалаа...
 Хүмүүс цас орж байна...гэж ярьдаг, надад цаг л цохилж сонссогддог,   Шинэхэн цасаар хөлөө тулмайдсан өвснүүд, хаврыг хүлээн, нэг их амгалан хурхирна, Өнгөрсөн шөнө дэвсэж унтсан навчаа, өглөөний шүүдрээр чийглэн зооглох шавьжыг хараад сэрднэм...
гэх мэт өвөрмөгц сонин сэтгэлгээ нь баяр төрүүлнэ. Бусдын сайхныг мэдрэх нь өөрөө шагнал агаад тэр сайхныг ч мэдрэв...Найрагч нэгэнтэй эрхийг өгч, сэтгэл тавиач гэсэн болохоор би шүлэг бүхэнд үзэг хүргэсэн гэмээ өчивч, түүний шүлгүүд өөрөө сонирхол татсан нь илүүтэй үнэн болно.  Түүний  шүлгэнд сэтгэлийн минь гэгээ, хайр шингэсэн болохоор дүгнэлт өгөхийг төдий л түвдсэнгүй нь дүгнэлт оройтодгүй бөгөөд, жинхэнэ аврага л биш бол ихэнх дүгнэгчид ямар буу, ямар сумаар юу буудсанаа ч үл мэдэгсэд байдаг болохоор энэ номын дэл, сүүлний салхинд хэн, юу асаах нь хожмын эрэлчдэд сургамжтай байх үүднээс... зай үлдээв. Жинхэнэ авьяастанд, нас, нэр, цаг хугацаа, ажил, мэргэжил хамаагүй. Учир нь тэр бээр өөрөө түүнийг томьёологч нь юм.  Тийм болохоор монголын утга зохиолын цэцэрлэгт  Мандахсан хэтээх ачтаны арчилж ургуулсан  олон зүйл ургамалын нэг өвөрмөгц үр нь Баясгалан байхыг  үл үгүйсгэх нь түүний дараагийн номоор тодорхойлогдоно...
                     Цэцгэс нь өнгө булаалддаг
                Зуны дээлийг
                 Намар зүсрэх бороогоороо зад угаагаад
                 Ачаан дээрээ даруулчихсан...
Ийм нэг нүүдэл танруу нүүж явна. Шинэ нүүдэл бүхэн мэдэхгүйг тээж ирдэг.” Ер нь нүүдэл гэдэг маань өнгөрсөн, одоо, ирээдүйд эвхэгдэж тэлэгдэх цаг хугацаа, орон зайд түмэн бодисыг үүсгэн мөхөөх мөнөөхөн хувирал, хөдөлгөөн, гэрлийн нөлөөгөөр, амьд бүхний бие дотор явагдаж байгаа дулаан,цахилгаан, соронзон орон, биологи, оюун санаа, сүнс сүлд, түүний үр дүнгийн дээд нэгдэл нь эргээд бүх ертөнцийн эрчим хүчний хууль, өөрөөр хэлбэл “Тэнгэрийн зарлиг”гэж ойлгогдохуйц ухамсрыг бий болгодог хөдөлгөөн” аж.  Тийм учраас монголчууд огт танихгүй нүүдэл тосон цай, идээгээ өргөн барих биш, зөн билгээ угтдаг байжээ. Үүнлүгээ Баясгалангийн олон сайхан шүлгийг жишч, тоймгүй олныг нуршиж болох ч, уншигч таныг чилээгээгүйзээ хэмээн зүрхшээвч тэсэлгүй бас нэгэн шүлгээр нь сүүл дарав.
Битүүний шөнө гялалзах оддын дундаас
Хайгаад олоогүй сар
Билгийн тоолллын хөсгөн дээр
Хаврыг ачаалаад завгүй байж
Өнгөрсөн шөнийн сүүлчийн хоног
Он жилээс тасран мэгшихэд
Өнөөдөр дээр дуссан нулимс нь
Цасны царайг халтайлгачихаж
Цаг хугацааны моринд
Эмээл тохсон урт шар хүн
Зэрэглээн думд цас цоохортуулан
Пөг пөг шогшуулна
       Аяны нь богцноос нялхсын
Зунгагын үнэр сэнхийхэд
Адгасан яргуйн ураг хөрсөн дор
Хэвлийгээ түлхэн тийчлэнэ
Араг тэгнэсэн бүсгүй улирал төрөхөд
Аньсага задлах навчис
Энд тэндгүй
 Час час хийн уйлалдана...
Энэ бүхнээр та яруу найагч Б.Баясгалангийн ертөнцөд төвөггүйхэн нэвтрэх болов уу хэмээн сүүн  мөр дусаав.
                                                              Яруу найрагч, бичээч Банзайн Хүрэлтогоо
                                                                                                                 2011.10.1О.




start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)