Цэцэг оноогүй бороо : Гоёлын хуучин шаахай
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Гоёлын хуучин шаахай

Гоёлын хуучин шаахай

Үдийн цайны цагаараа ойролцоох гуталчин орж, гуталдаа зан тавиулахаар гарлаа. Ашгүй, гуталчин дээр хүн алга. Зүс таних гуталчингаар гутлаа засуулангаа элдвийг ярилцаж суутал гаднаас нэгэн эрэгтэй орж ирлээ. Тэр, гуталчинтай мэнд мэдээд, барьж явсан торноосоо зуны хуучирч элэгдсэн өндөр өсгийтэй шаахай гаргаж;

-Үүний өсгийг янзалж болох уу? гэж царайчлангуй асуув. Гуталчин өнөө шаахайг авч, эргүүлж тойруулан харснаа “Болноо болно” гэхэд энэ үгийг л хүлээж зогссон өнөө хүний нүдэнд мишээл тодорч;

-Эхнэр өнөөдөр ёлкотой. Гурван цагаас өмнө засаад өгөөч! гэвэл гуталчин зөвшөөрснийг илтгэж, толгой дохилоо. Өнөө хүн гарах гэж яарсангүй жижиг зуухны хажууд гараа ээн дулаацангаа нэг их хэрэг бүтээсэн шинжтэй цонхоор гадагш харж зогсов. Түүний өмссөн пөөнөгөр өвлийн хүрэм, өрөөсөн нь зулгаараа суусан хүрэн гутлыг би сайн ажиж суув. Эвэршиж мойсон хар гараа галд ээн хэсэг зогсосноо төдхөн гараа сайн гэгч нь хэд үрж аваад малгайгаа дарж, гарахдаа гуталчинд “Ах нь, гурван цаг гээд ороод ирэх үү?” гэж дахин нэг лавлав. Гуталчинг “тэг тэг” гэхэд гарч одлоо. Түүний үлдээсэн шаахайн өсгий элэгдэж, бүрээс нь халцарч, үзүүртээ цагаан төмөр цухуйжээ. Бас өлмий хавиараа нугаларч хариугүй тасрах шахсаныг сая анзаарав. Яавч гоёлд өмсөхөөргүй хуучин шаахай гуталчны лангуун дээр шинэ жилд орох “эрх”-тэй болохоор ийнхүү дарааллаа хүлээх аж. Би дотроо “Ийм хог дээр хаяхаар юмыг яах гэж засуулдаг байнаа. Тэгээд бүр шинэ жилийн гоёлд эхнэртээ өмсүүлэх гээд байгаа юмаа. Жилд ганц болдог баяраар хэр тааруу шаахай аваад өгчихгүй” гэж үл таних эрд дургүй хүрэв. Тэгж суутал миний гутал ч бэлэн боллоо. Энэ гутлыг хайртай залуу минь үнэ хайрлалгүй авч өгсөн юм. Хэтэрхий хальтардаг болохоос ямар ч бүсгүйн харц унахаар дэгжин эд л дээ. Би гутлаа өмсөж үзээд, одоо л ёстой гадуур харц дээгүүр явах боллоо доо гэж бодов.

Гуталчингаас гараад явж байхад өнөөх хар шаахай яагаад ч юм санаанаас гарсангүй. Би бүр ажил руугаа явах замдаа тэр шаахайг шинэ жилийн баярт өмсөх үл таних эмэгтэйг төсөөллөө. Ямар даашинз өмсөх бол, үсээ яаж засах бол, хэдий хэр насны хүн байдаг бол, ямар ажил хийдэг юм бол гээд уртын урт иш мухаргүй төсөөлөлд автав. Тэр үл таних эмэгтэйг дөч гаруй насны хүн гэдэгт итгэлтэй байлаа. Нөхрийнх нь настай жишихэд хялбар шүү дээ. Тэгтэл нүүрэндээ хэд хэдэн гүн үрчлээтэй туранхай бор эмэгтэй өнөө шаахайн дээр загвар нь хоцрогдож, өнгөө алдсан хар даашинз өмсөөд баярын ширээний хамгийн доод үзүүрт бишүүрхэнгүй сууж байх юм шиг санагдав. Баярын ширээний өнгө алагласан амттан шимттэнд гар хүрч чадахгүй л байх болов уу гэж төсөөллөө. Гэхдээ л тэр баярын ширээнд суугаадаа хязгааргүй баяртай байх ч ардаа үлдсэн нөхөр хүүхдүүддээ яарсан шинжтэй байх нь гарцаагүй гэж бас бодов. Хачин нь харц нь ер бусын гэрэлтэж байх биз.

Ингэж бодтол түрүүхэн өнөө ахад уур хүрч байсан минь сарниж, харин өрөвдөх шиг боллоо. Эхнэртээ гоёлын шинэ шаахай авч өгөх мөнгөгүй ч хамт олонтойгоо баярлаад ирэг гэсэн дулаан сэтгэл өвөрлөж явсныг нь мэдрэх шиг боллоо. Гуталчингаас баяртай гэгч нь гарч явсан шүү дээ гэх бодол төрлөө.

Орой гэртээ ирэхэд найз залуу минь ирээгүй л байв. Ажил ихтэй байгаа бололтой. Ер нь, баяр ёслол болохоор надад бүр олдохоо больдог хойно, яая гэхэв. Хувцсаа тайлж, гараа угаагаад хоолоо хийж эхэллээ. Ашгүй, хоол бэлэн болоход хайртай залуугийн минь хөлийн чимээ хонгилоор ойртсоор хэдхэн хормын дараа хаалганы хонх жингэнэлээ. Үүдээ тайлж өгөхөд тэр минь инээд алдсаар орж ирэв. Өнөөдөр ажил нь бүтэмжтэй байсны шинж. Оройн хоолоо идчихээд зурагт үзэнгээ “Найз нь шинэ жилээр өмсөх өндөр өсгийтөө гуталчинд аваачих өсгийг нь засуулмаар байна. Өнөөдөр мартчихжээ. Би аймаар завгүй байдаг. Миний хайр засуулаад ирээч...” гэж уруулаа унжуулж байгаад худлаа хэллээ. Харин тэр над руу нэг том харснаа найз нь бас завгүй байгааг чи мэднэ ш дээ. Миний хайр өөрөө аргалчих л даа гэв. Яагаад ч юм энэ үг нэг л гомдмоор дуулдлаа. Намайг янзгүй байгааг мэдэв бололтой “Миний хайраа, заавал хуучин гутлаа засуулж яах юм бэ? Шинийг авчихаач дээ. Миний хайр дэлгүүр хэсэх дуртай юм чинь гэсээр үнслээ. Хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ? Дуртай юмаа л ав” гээд төлбөрийн картаа өглөө. “Чи надад хайргүй юм байна, тээ” гэхэд бүр том харж “Яагаад ингэж бодож байгаан бэ? “ гэхэд нь би сая л буруу зүйл хийж байгаагаа ухаарч, Тоглосон юмаа гэвэл “Муу охин! Энэ чинь муухай тоглоом шүү” гэж нэмж хэллээ. Би энэ картанд байгаа бүх мөнгөөр чинь гутал авна шүү гэхэд “Ямар ч байсан арван гутал авахад хүрэх байлгүй дээ” гэлээ.

Хайр гэдэг ганц л утга илэрхийлдэг хэрнээ...

Хүн бүхэн өөрөөр илэрхийлж, өөрөөр мэдэрч, өөрөөр төсөөлдөг байх нь. Хайр ийм байх ёстой гэдэг жор байдаг ч юм шиг байхгүй ч юм шиг...

Яг тэр мөчид надад гоёлын хуучин шаахайтай үл таних тэр эмэгтэй сэтгэл хангалуун аз жаргалтай гэрээдээ харьж яваа байхдаа гэх бодол төрсөн билээ.

Хайраа гэж...

 Б Гүнжинлхам

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Ribonnie ♡

хамгийн гол нь сэтгэл :)

gege (зочин)

харж болох өнцөг байна

kit (зочин)

:)

САНАСААР

бас нэг тал шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)