Цэцэг оноогүй бороо : ″ЯНАГИЙН ХУУЧИН БОЛЗООНД ЯВАХ″ ДУРГҮЙ БҮСГҮЙН ШҮЛГҮҮД
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

″ЯНАГИЙН ХУУЧИН БОЛЗООНД ЯВАХ″ ДУРГҮЙ БҮСГҮЙН ШҮЛГҮҮД



"ЯНАГИЙН ХУУЧИН БОЛЗООНД ЯВАХ ДУРГҮЙ БҮСГҮЙН ШҮЛГҮҮД
П.Батнайрамдал /МЗЭ-ийн шагналт зохиолч/
Дэлхий үүсэхэд шүлэг хамт үүссэн гэсэн үг сонссон санагдана. Чагнаж чадаж гэмээ нь салхины исгэрээ, цасны будраа, өвсний шаналан, горхины хоржигноо, шувуудын ганганаа, галт уулсын хүрхрээн, бүсгүйн зөөлөн амьсгаа, адууны үүрсэлт, бугын урамдаан бүгд шүлэг юм гэнэ лээ. Тэгэхээр дээрх үг үнэн байж мэдэх юм. Анхны хүнээс эхлээд өнөөгийн долоон тэрбум хүн хүртэл замыг туулсан хэдэн сая живаа жилийн хугацаанд хүн бүр шүлгэн дэлхийд төрж, шүлгэн дэлхийд амьдарсан буюу. Чухам ямар нүдээр харж, яаж сэтгэсэн бэ? гэдгээр шүлэг төрж байдаг учраас хувийн чанар давамгайлсан, давтагдашгүй, санамсаргүй, санаандгүй агшин хормын сэрэл, сэдэл л үгээр илэрч цаасан дээр бичигдэхээрээ сонирхол татахуйц шүлэг болдог аж. Залуу яруу найрагч З.Билэгбаярын “Зүрхээн би чамд" номыг уншаад дуу алдан өндөлзсөн гэх нь юу юм, таашаалтай, талархалтай мэдрэмж төрж, шүлэг гэдэг ийм л байдаг байх гэж бодсон юм. Баярлаж л суулаа, яруу найргийн залгамж халаа гэдэг нь ингээд гараад ирсэнд. Хүний өмнөөс ичих хэцүү шүү дээ, харин хүний өмнөөс баярлах бол өөр юм аа. Залуусын ном өдөр бүр хэвлэгдэж, шүлгүүд нь боовны хэвээр дарсан юм шиг ижил төстэй болсон энэхэн зурвас үед З.Билэгбаярын ном сондгой тоо гэдэг шиг эсвэл үсгэн дотор тоо цохиж яваа юм шиг санагдсанаас тогтож ярья гэсэн юм. Хамгийн урт санааг хамгийн товчоор илэрхийлэхийг шүлэг хэмээнэ гэж долоон зуун жилийн тэртээ хэлсэн Шоста Руставелийн үг өнөөдрийн З.Билэгбаярын шүлгүүдэд хэлчихсэн юм шиг ээ.
“Янагийн цагаахан дарсыг
Яасан эрт сөгнөв дөө
Явуулын ганц хундаганд
Ямар их согтов доо”
Энэ дөрвөн мөртийг яруу тансаг, яг үнэн, янзтай сайхан, шинэ зууны дуу хоолой, шилдэг сэтгэлгээ энэ тэр гэж дэвэргэх шаардлагагүй юм. Хувийн чанарыг сайтар хадгалж, нууцаа алдаагүй ч илүү дутуу тайлбаргүй байгаа биз дээ. Яруу найргийг “нийгмийн хонгор” болгож байсан цаг нэгэнтээ улиран бүдгэрч, хувийн буюу сэтгэлийн угаас сэтгэлгээгээр дамжин, санаатай бус санамсаргүйгээр шүлэг төрдөг жам ёсны голдир руугаа орж эхэлснийг З.Билэгбаярын шүлгүүд гэрчилж байна. Ижил төстэй шүлгүүд хаа сайгүй тааралддаг ч ихэр сэтгэлгээ гэж байдаггүй гэдгийг ч энэ бүсгүйн богинохон атлаа бүрэн төгс урлагдсан цөөн гэлтгүй шүлгүүд мөн харуулж байна. Туршлагатай яруу найрагчийн бичсэн бүхэн шүлэг болдоггүй тал байдаг. Энэ нь тухайн санаагаа хэрхэн урлах вэ гэдгээс шалтгаалдаг талтай. Авьяас эсвэл онгод энэ тэрд найдахаас илүүтэй өөрийн бодолдоо итгэж, өөрийнхөө хөдөлмөрт найдах нь танаар шүлэг бичүүлж мэдэх юм шүү. Урлах ухаан гэдэг л шүлэгчийг авч явдаг жигүүр гэлтэй.
“Зүрхээн би чамд
Зүйж оёод өгье
Дахиад чи уралгүй
Дандаа гамнаж яваарай”
“Дахиад чи уралгүй” гэсэн мөр содон, сонин сонсогдож байна. Байраа олсон чулуу гэдэг шиг л энэ мөрийг байх газар нь байлгаж чадсанаар шүлгийн урлал төгс болжээ. Урах гэдэг үг энгийн, хэрэглээний үг юм. Бусад үгнүүдтэй зөв хоршиж, зохих байрлалаа олж чадсан учраас шүлгийн санааг илэрхийлэхэд тулгуур болсон гэдгийг анзаарч болно. Шүлгийг товч тодорхой, нэн ойлгомжтой, энгийн атлаа дуураймал биш давтагдашгүй бичихийг өнөөгийн яруу найргийн төвшин болоод уншигчид шаардаж байгаа юм.

“Зүү нь сугарсан оёдол шиг
Зүрх хатган өвтгөнөм"
Тэр л эмзэглэлийг мэдэрч, түүнийгээ хэнд ч ойлгомжтой, тийм шүү гэж хэлэхийг хүсэхгүй байлаа ч хэлүүлэхээр бичих нь энэ бүсгүйн өмнөх зорилт байх учиртай. З.Билэгбаярын шүлгийн галт тэрэг хөдөлсөн байна. Замын олон зогсоолын аль нэгэнд саатаж, гээгдэлгүй хүрэх газраа очих ёстой.
“Удаан гараагүй нулимс минь
Уулс сэтлэх шиг үерлэнэ” гэдгийг тэр мэдэж, санаж сэтгэж байгаа нь сайшаалтай. Өнөө цагийн яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд тансаг боловч ашиггүй алагласан цэцэгс, өргөстэй өрөвдөлтэй харагдавч үр өгөөжтэй ургамал холилдон ургасаар байна. Тэгэхээр ялгарах гэдгийг ямагт санаж бичихийг чиний өмнөх үеийн шүлэгчдийн тарьж ургуулсан тансаг сарнайн хатаад хорчийсон навч аандаа хэлээд сануулаад өгөх биз.
“Дэндүү их саналаа даа гэж
Дэвтэрт чинь зай үлдсэн гэж
Дэрэн дороос минь шивнэх вий гэж
Дэндүү их айх юм”
Энэ айдсын цаана чухам юу нуугдана вэ. Айна гэдэг мэдэрч байна гэсэн үг.
“Ая дууны чинь үг үнэн байх,
Аймхай хүн уншаад аймаар үнэн байх хэрэгтэй” хэмээн их соён гэгээрүүлэгч М.Цэдэндорж бүр өнгөрсөн зууны дунд үед хэлсэн байдаг. Энэ бүсгүйн шүлгүүдэд гоё ганган, сонсголонтой, чамин тансаг, хуучны үг хэллэг үзээд буцаая ч гэсэн байхгүй. Тийм учраас түүний шүлгүүд энгийн агаад ойлгомжтой, хэн хүний бодол сэтгэлд тун ойрхон тусч байгаа юм.
“Миний орших газар
Мөдхөн чи ирнэ
Миний явсан замаар
Мөдхөн чи алхана
Би тэнд байхгүй
Чи төөрөх болно...”
“Би тэнд байхгүй" гэсэн мөр энэ шүлгийн амь аж. Үүнийг хасаад уншвал хүч нь сулраад л явчихна. Энэчлэн шүлэг бүрийг нь ажаад байхад З.Билэгбаяр залуусын урт удаан хугацаанд суралцдаг, зарим нь бүр суралцаж чадалгүй замын дундаас орхидог урлах арга барилыг эрт эзэмшиж байгаа нь мэдрэгдэнэ. Урлах арга барилыг өөртөө шингээнэ гэдэг маань өөрийгөө олно, өөрийн гэсэн дуу хоолой, зам мөртэй болно гэсэн үг. Энэ нь бусдаас ялгарч чадна гэсэн үг. Бусдаас ялгарч чадаж гэмээнэ өөрийгөө тунхаглаж, яруу найргийн ертөнцөд тусгаар тогтнолоо зарлана гэсэн үг.
“Мөрөө гаргах насаа
Мөнгө адил үрнэ”
гэсэн мөрийг уншаад хэн хүнгүй залуу насаа дурсана, алдаа оноогоо бодно, харамсана, халаглана даа.
“Залуу явахад юм бүхэн сайхан, зам дээр хэвтээ нохойн гөлөг хүртэл сайхан” гэж тээр жил Х.Тэргэл бичсэн санагдана. Нэг сэдвээр бичигдсэн шүлгүүдийн ялгаа нь ур чадвартаа байдаг л даа.
“Зах хязгааргүй орчлонд
Залуу нас минь элэгдэнэ
Зам зуурын чулууд л
Залуу явсныг минь гэрчилнэ”
Хүн хөгшрөөд ирэхээр тоох хүн ховордоно. Үе тэнгийнхэн нь үхэж үрэгдээд цөөрнө. Тэгэхээр хэн ч тоохоо больсон хүнийг хэн нэгэн танил нь биш зам зуурын чулууд гэрчилнэ гэхээр сонин. Гэтэл тэр чулуудыг нь мэдэрч ойлгож, уншиж, тэндээс хэн нэгний залуу насыг нээж харах билгийн мэлмийг ирээдүйд үлдээж байгаа нь бүр ч сонин.
“Цөмсөн самрын яс шиг
Цөв суусан зүрх минь
Цөлд хаягдсан хүнийх шиг
Цөхрөнгөө барсан итгэл”
Цөлд хаягдсан хүний цөхрөнгөө барсан итгэлийг мэдэрнэ гэдэг хаягдаагүй хүнд билгийн мэлмий л туслах байх. Бас мэдрэмжээр дамжин сэтгэлгээ нь нөлөөлнө. Манай өнөөгийн яруу найрагт ус агаар мэт шаардагдаж байгаа сэтгэлгээг чухалчлах үзэгдэл ажиглагдаж байгаа нь хуучрахгүй, гээгдэхгүй, мартагдахгүй шүлгүүд бичигдэх цоожийг нээх түлхүүр болох учиртай. Ийм түлхүүрийг олоод авчих санаатай эрэл хайгуул хийж яваа залуусын нэг З.Билэгбаяр мөнөөс мөн. Түүнийг шүлгүүдэд тоочсон, магтсан, тал зассан, мэдэмхийрсэн, цээжээ дэлдсэн, дуурайсан, нэг загварт баригдсан, санаагаа давтсан, бичих гэж биш байлгах гэсэн мөр бадгууд одоохондоо харагдахгүй байгаа нь чухал ололт юм.
Ертөнцийн амьдрал бөөн бужигнаан. Зах хязгааргүй, эх толгойгүй бужигнаан дунд дагаад бужигналгүй, бужигнааныг эмхэлж цэгцэлж, нэг цэгт төвлөрүүлж байдаг яруу найргийг бүтээнэ гэдэг угтаа уйгагүй хөдөлмөр. Зарим залуусын шүлгүүд эхлэх тэнхлэгээс зөв гараад гэв гэнэт тэс өмнөө эсрэгээр эргэж буцаад бужигнаанд нэгдэн замхрах нь элбэг тааралддаг. З.Билэгбаярын шүлгүүд бол өөр юм аа. Эмх цэгцтэй, хамжиргаатай гэхэд болно. Гэхдээ сэтгэлгээ нь задгай байгаа юм. Түүний шүлгүүдийг уншиж байхад бусдын нөлөөнд автаагүй, өөрөөр хэлбэл дагаж дуурайх, чамирхах, хээнцэрлэх, хэнхэглэх, урсгал чиглэл гэж хальсан, хумьсан зүйлгүй нь төрмөл гэдэгт тун дөхөж байна. Хаана сонслоо доо, яруу найрагчид өндөр байшингийн дээд давхарт ажилладаг гэсэн магтаал маягийн үгийг. Энэ залуу шүлэгчид би өндөр байшингийн дээд давхарт бус дээвэр дээр гарч ажиллаарай, чамд тийм чадвар байна л гэж хэлэх гэсэн юм. Шүлэг бол их олон зүйлийн нэгдэл юм. Байгальд бол дангаараа байдаггүй нэгдмэл элемент л гэсэн үг. Урлах эрдэм, сэтгэлгээ, мэдрэмж, билгийн нүд, эмзэглэл гээд. Бүгдээрээ нэг хүнд төгс заяагдахгүй гэлээ ч заяагдсан мэт бичих нь сая эзнийгээ хэн бэ гэдгийг харуулна.

“Үхэн үхтэлээ
Үнэнээ хэлдэггүй нь
Үнэхээр аймшигтэй
Эр хүн гэдэг...”
Айхгүйгээр хэлэх, ердийн хэллэгээр нүцгэн үнэнийг хэлэх гэдэг энэ биз. Нууж хаасан эсвэл ёгтолсон зэрэг нь шүлэгт зохих чимэг зүүлт биш нь эндээс тодхон харагдах байлгүй. Шүлэг гэдэг тэнгэр бурхны хишиг, өвлийн өвгөний бэлэг огтоос биш. Шүлгийг хүний оюун, сэтгэхүй бүтээдэг. Тэгтэл авьяас гэдэг ойлгомжгүй тодорхойлолт нэг бий. Эмзэглэл ч гэдэг, онгод ч гэдэг. Сэтгэж байгаагаар л авьяас илэрдэг шүү дээ. Сэтгэхийн тулд хөдөлмөрлөх нь зүй. З.Билэгбаярт хөдөлмөрлөх чадвар байна, сэтгэлгээний хүрээгээ тэлэх шаардлагатай нь анхны номноос нь мэдрэгдэж байна. Нэг сэдэвт бүтээл гэдэг шиг түүний ихэнх шүлгүүд нэг л сэдвийн дор бичигджээ. Зүрх гэдэг үг бүх шүлгийнх нь тал хувьд нь орсон байгаа юм. Тухайн санааг илэрхийлэх, шүлгэнд гол хэрэглэгдэхүүн болгон эзэмшиж чадсан үг шүлэгч бүрт байдаг. Гэхдээ тэр үгээ гамнан хайрлаж байх нь бас л яруу найрагчийн нэг чанар байх ёстой. Түүний шүлгүүдээс нилээд чамбайд тооцогдох дөрвөн мөртийг үзье.
“Авлаа гэхэд
Ах сэтгэл
Алдлаа гэхэд
Амь итгэл”
Санаагаа сайн гаргаж чадсан энэ шүлэгт нь түүний дөнгөсхийвэл шүүрч аваад байгаа өнөө зүрх гэсэн үг байхгүй. Тэгэхээр зүрх гэдэг үг түүний санаагаа илэрхийлэх үндсэн хэрэглэгдэхүүн нь биш юм. Жүжгийн тайзан дээр буу байвал заавал дуугарах ёстой гэсэн нэг онол маягийн үг бас сонссон юм байна. Яруу найраг бол тэр дуугарах ёстой буу нь нэг үг, нэг мөр байж таарах нь.
“Мэлтийсэн бөөн гуниг
Миний өөдөөс дүрлийнэ
Мэлмэрсэн бөөн нулимс м
Миний өмнөөс урсана
Би үл танина
Би бүр мартчихаж...” /Толь/
Өөрийгөө толинд хараад зогсож байгаа хүн яагаад “Би үл танина” гэдэг билээ. Санаатай тэгж хэлсэн бол солиотой галзуугаараа дуудуулах байлгүй. Санамсаргүй энэ агшин ингэж шүлэг болж байна шүү дээ. Энэ шүлгийг ямар нэгэн урсгал, чиглэлд хамааруулж болно. Тийм ч шинж чанар мэдрэгдэж байгаа биз дээ. Эндээс нэг дүгнэлт гаргая. Зориудаар чамирхаж, ойлгомжгүй бичээд ийм ч урсгалынх, тийм ч чиглэлийнх, та нар ойлгохгүй байна гэж агсамнагсад элбэг тохиолддог. Шүлэг бичих үндсэн зарчим нэг л байдаг. Өөрөөр хэлбэл нэг тэнхлэгтэй бөмбөрцөг гэсэн үг. Тэнхлэг хазайвал гажилт үүснэ. Эртний Монголын шүлэгт ч өнөө цоо шинэ гээд байгаа урсгал, чиглэлд хамаарагдах, тэгэхдээ сонгодогт баггах мөр бадгууд өчнөөн бий. Амьдрал дундаас, эргэн тойрноосоо олсон санаа, сэдэл, мэдрэмж, эмзэглэлийг үгээр илэрхийлэх нь шүлэг юм гэдгийг З.Билэгбаяр нэгэн шүлгээрээ төгс баталж чадсан байна. Түүний номонд буй шүлгүүдийг бүгд төгс бичигдсэн гэж яахан хэлэх билээ. Зарим шүлгийн дунд байгаа. нүдэнд тусч, сэтгэхүйд нөлөөлж чадахуйцаас нь хэдийг онцольё л доо.
Өвгөрөх цаг хугацааг
Өөртөө дурлуулна
* * *
Зовлон минь одоо хийс
Зогсоол чинь энд алга
* * *
Гамнавч элэгдэх насанд
Гал шиг бадраад бөхье.
Эдгээр мөрүүд яруу найргийн нзэгт эсвэл чамин тансаг эдлэл огтоос биш. Эднийг зохих шүлгийн байрлалд аваачиж тавиад уншвал шигтгээ болж өгнө. Үүнийг уншигч танд үлдээж байгаа юм шүү. Тэрбээр “Иштэй чихэр” хэмээх охорхон шүлэгтээ:
“Иштэй чихрийн амт
Ид дундаа ортол
Иш нь гараад ирлээ
Элэх нь амьдрал шиг юм аа” хэмээн бичсэн байна. Энд онгод, бурхны шившлэг, тасархай авъяас энэ тэр гэж дүвчигнэх хэрэг алга. Сэтгэлгээ л чихэр идэж байсан тэр агшныг шүлэг болгосон нь энэ. Түүний өөр нэг шүлэг
“Янагийн хуучин болзоонд
Явах дургүй бүсгүй” гэсэн хоёр мөрөөр төгсөж байна. Эхний мөрний хуучин гэсэн үг л эзнийхээ мөн чанарыг илэрхийлж байх шиг санагдана. Яруу найрагт ч хуучин жим мөрөөр явдаггүй шүү дээ. Шинээр гаргаж шан татсан өөрийн мөр замаар, өөрийн сэтгэлгээгээр явтугай хэмээн “янагийн хуучин болзоонд явах дургүй бүсгүй" дүүдээ хэлээд дараагийнх нь номыг хүлээе дээ.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Pапука

Гайхалтай юм аа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)