Цэцэг оноогүй бороо : ӨМНӨТГӨЛ
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

ӨМНӨТГӨЛ

ӨМНӨТГӨЛ 

Яруу найрагч Д.Ганчимэг сүүлийн жилүүдэд бичсэн шүлгүүдээ “Үзэгнийхээ үзүүрээр өөрийгөө зурж” хэмээх нэрийн дор эмхэтгэн дэвтэрлэснээ уншигчдадаа хүргэж байна. Түүний шүлгүүд нь зөвхөн сэтгэлийн өнгөө ямар нэгэн жааз хүрээнд хашилгүй чөлөөтэйгээр урсган зурагласан нь өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм. Ер нь яруу найраг, үгийн урлаг хэмээгч нь сурталдан ухуулах, номлон цэцэрхэхээс ангид байж хувь ганц бодгаль ертөнцийн итгэл үнэмшил, мэдрэмж сэрэхүйг тунхаглан зарладаг гэдгээрээ давтагдашгүй билээ. Яг энэ утгаар нь Д.Ганчимэгийн шүлгүүдийг авч үзэхэд тэрээр өөрийн оюун санааны “үнэн”-гээ юунд ч захирагдахгүйгээр илэрхийлдэг яруу найрагч юм байна гэдэг нь нэн тэргүүнд анзаарагдана. Энд, ганц жишээ татахад,
Өнгө тунамал сэтгэлийн орчиндоо
Өөрийгөө ч танихгүй бардам оршиж
Ядарч байж, сэтгэл санаа амаргүй байхад
Яаж ийм гоё, тунгалаг бодол төрнө вэ? гэсэн дөрвөн мөрт энэ номонд бий. Дөрөвхөн мөр энэ шүлгийг нарийн анзаарч харвал хоорондоо зөрчил бүхий тасархай, тасархай сэтгэгдлээс бүрдсэн нэгдмэл нэг оршихуй байгаа болно. Тэр оршихуй нь юу вэ хэмээвээс сэтгэлийн гүн дэх олон талт бодомжуудаа дарж чадсан, ялж чадсан гэгээн бодол сэрэхүйн тухай өгүүлэмж юм. Үнэхээр ядарч байхад, сэтгэл санаа амаргүй байхад тунгалаг бодол төрнө гэдэг яруу найргийн тодорхойгүй, болзолгүй орчны дүр зураг билээ. Ингэж эсрэг тэсрэг нөхцөлт үйлүүдийг нэгтгэн, нэг гаргалгаанд хүргэж чадах нь чөлөөт сэтгэлгээний илэрхийлэл юм. Иймээс яруу найрагч Д.Ганчимэгийн энэхүү шүлгийн түүврийг ёс суртахуун хийгээд зарчим, тодорхой дүр дүрслэл хийгээд тогтсон төсөөллүүдээс салангид авч үзэж уншихад илүү их “мэдээлэл”-ийг өгөх болно. Нөгөө талаас яруу найрагч Д.Ганчимэгийн “Үзэгнийхээ үзүүрээр өөрийгөө зурж” хэмээн нэрийдсэн энэхүү шүлгийн түүвэр нь орон нутгийн шинжтэй прагматик сэтгэлгээгүй, түүхэн үнэн болон түгээмэл ойлголтуудыг үндсэн шугамаа болгоогүй орчин үеийн уран бүтээлч хүмүүний өөрийнхөө итгэл үнэмшлийг урьтал болгон гаргаж тавьснаараа онцлог бүхий бүтээлүүдээс бүрджээ. Тухайлбал энэ байдал нь,  
“Унаж амжаагүй 
Улиасны ганц навч 
Нүцгэн мөчиртөө өлгөгдөөд үлдчихэж. 
Сэтгэлийн гунигт амраг минь  
Ийм л дүрстэйг 
Сая  гэнэт хардаг байна шүү.” хэмээсэн шүлгээс нь бүр ч тодорхой харагдаж байна.
Энэ мэтээр Д.Ганчимэгийн шинэ шүлгийн түүврээс ишлэн авч тайлбарлаж болох олон мөр бадгууд байгааг дурдаж болох юм. Тэдгээр мөр бадгуудыг ерөнхийд нь тоймлон авч үзвэл Д.Ганчимэг нь өөрийн амьдарч буй цаг үе, орон зайдаа өөрийн гэсэн давтагдашгүй итгэл үнэмшилтэйгээр оршин буй уран бүтээлч юм байна гэсэн ойлголтыг юуны түрүүнд төрүүлж байна.Өөрийн цаг үеэ өөрийн гэсэн нүдээр харж чадах, өөрийнхөөрөө байж чадах нь аливаа уран бүтээлчийн үнэн төрхийг илтгэдэг цорын ганц шалгуур гэдэгт эргэлзэх зүйлгүй биз ээ. 
Уншигч таныг яруу найрагч Д.Ганчимэгийн үзэгнийхээ үзүүрээр өөрийнхөө дотоод ертөнц, сэтгэл мэдрэмжээ зурагласан давтагдашгүй хувь ганц ертөнцөд урин залж байна.
 Номын сахиус ивээг!

 Д.Нацагдоржийн  шагналт яруу найрагч
Цэнд-Аюушийн Буянзаяа
2010.12.02

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Anonymouse (зочин)

bnuu chms neg yum asuuh gsin ???

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)