Цэцэг оноогүй бороо : ‎ Дархан хэл яруу найргийн наадам
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

‎ Дархан хэл яруу найргийн наадам

1-р байр- Уяхан замбутивийн наран доор
эгшиглэх эх орон

Мөнгөн сар нь хавиргалж хийссээр сэтгэлд гийх
Их тунгалаг орон минь
Мөрөнгийн усанд навчис хөвсөөр хавар тийш одох
Аяс гүн хөндүүрлэл минь
Загасны нүд соёмбоноос ширтэх нь
Таныг хайрлахын учир шалтгаан гэнэ
Завилаж суугаад нарыг дуулах нь
Таныг бахдахын өндөр түрлэг гэнэ...
Ай яруухан...
Алган дээр алтан өндөг өнхрөх шиг, эмзэгхэн
Алдах вий... гэж дүрлийнхэн зогсоо охин хонгорын
Алим юмуу тоорынх шиг харцрын туяанд хармаар
Эх орон минь..
Манхан даваад хөтөлсөн жингийн цувааны мөр бол
Манай тооллоос гарч одсон дээдсийн минь хөх улбаа юм
Манхан даваад орж ирсэн тэмээн жингийн мөр бол
Манай тоололруу нүүж ирсэн Монголын хөсөг нүүдлийнх юм
Араг дотор суугаад л унтаж ирсэн хүү бол
Амбагай хааны хүсэл, Тулуйн хатны зүүд юм
Атан тэмээний явдал дунд зөөлөн аяласан дуу бол
Алтан дэлхий нарыг аргадаж мандуулдаг тарни юм...
Ийм хөх дууг зүүдэндээ сонссон хүү 
Тэнгэрийн алтан нар шиг мандаж явдаг хувьтай
Ийм эх орныг онож төрсөн хүн л
Тийм надин дуугаар сэтгэлээ чимэх тавилантай
Ай яруухан...
Алган дээр алтан өндөг өнхрөх шиг, эмзэгхэн
Алдах вий гэж дүрлийнхэн зогсоо охин хонгорын
Алим юмуу тоорынх шиг харцрын туяанд хармаар
Эх орон минь...
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзул 


2-р байр Эх орноосоо уучлалт гуйх шүлэг
Цэцэг бүхнийг чинь тасалж намайг баярлахад
Та уйлж байсан юм уу Эх орон минь
Эцэг тэнгэрийн чинь гэгээн мэлмий үрүү чулуу шидэж намайг зүггүйтэхэд
Та өвдөж байсан юм уу Эх орон минь
Тунгалагхан гол горхийг чинь булингартуулж намайг дураараа авирлахад
Та энэлэж байсан юм уу Эх орон минь
Уянгалаг шувуудын чинь дууг тасалж, намайг дэггүйтэхэд
Та гуниглаж байсан юм уу Эх орон минь
Эх орон минь би чамаасаа түмэн уучлалт гуйя
Согоо бэлчээрлэсэн нугаас чинь янзага цочооход
Та айж байсан юм уу Эх орон минь
Солонго мандаасан талаас чинь зэрэглээ сандаачихад
Та уймарч байсан юм уу Эх орон минь
Газрын хэвлийгээс чинь үндэс тасалж тоглоход
Та шаналж байсан юм уу Эх орон минь
Гартаа атгасан чулуугаа харийн хүнд бэлгэлэхэд
Та харуусч байсан юм уу Эх орон минь
Эх орон минь би чамаасаа түмэн уучлалт гуйя
Ширхэг өвсөн дээр тогтсон шүүдэр таны нулимс байж
Шир ширхийн дуугарах цасны чимээ таны өвдөлт байж
Ширгэж буй гол мөрөн таны энэлэн байж
Шингэж буй наран зүг буцах шувууд таны гуниглал байж
Цочиж боссон янзага таны айдас байж
Цоохор эрвээхэй төөрсөн зэрэглээ таны уймараа байж
Газраас тасарсан үндэс таны шаналан байж
Гарт атгасан өнчин чулуу таны харуусал байж
Эх орон минь би чамаас түмэн уучлалт гуйя
Харин, хийсэн бүхний минь төлөө
Хамгийн сүүлд Эх орон минь чи надаас нэг л удаа уучлалт гуй
Чиний төлөө үхэхэд, 
Дэвссэн тохомны хэмжээтэй газраа надад өмчлүүлж
Дэрлэж унасан чулууг минь уучлалт гуйсан хөшөө болоy мөнхөл .
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, 
Яруу найрагч Ванягийн Нэргүй

2-р байр - Тэргэл сартай үдшээр
Тэргэл сартай үдшээр чамтай болзож зогссон
Тэр жаахан охин одоо ээж болчихсон 
Тэвэрт чинь эрхлээд ичингүйрэн мишээсэн
Тэр ариухан цэцгийг ижий заяа түшсэн
Удмыг чинь залгамжлах үрээ төрүүлэх гэж
Уяхан танхил бүсгүй чамайг л хүлээдэг байж
Үүрийн гэгээнээр цайны дээжээ барих гэж
Уужим гүн сэтгэлдээ Монголоо багтаасан байж
Үнэгчлэн нойрсох үрээ энхрийлэн харах бүртээ
Ухаант дээдсийнхээ үргэлжлэлийг нандигнан бүүвэйлдэг
Цэцэг зулсан ертөнцөд өөрөө үндэс нь болоод 
Чин үнэнч хайраар чинь услуулж ургадаг юм, бүсгүй заяа
Цээл яруухан дуу, ялдам зөөлөн харцаараа
Чин ариун амьдралыг бүтээж өгдөг юм, бүсгүй хүн
Одод бүдгэрэх чөлөөнд үүрийн гэгээ цайрна
Охин тэнгэр сормуусаа нээхэд наран мандана
Орчлонг сэрээсээр цолгиун дуу хадуулахад
Оройн дээд эхийн эгшиглэнт бүүвэй уянгална
Яруу тунгалаг аялгуу бүсгүй танхилынх байдаг
Ялдам дөлгөөн харц бүсгүй хүнийх байдаг
Ядам хуруунд нь бэлзэг сөгнөж хайрласан бол
Янаг түүнийхээ нүднээс нулимс бүү унагаарай
Өндөр өсгий товшиж бүжиг эргэсэн гоо
Үзэмж төгөлдөр зүс, ягаахан уруул, бас "нулимс"
Үнэ цэнэтэй сэтгэл, үнэнч хайрын ундарга бүхнийг 
Үнэндээ чамд л зориулж бурхан бүтээсэн байна
Энэрэл төгс ийм нандин цэцгийн эзэн бээр
Эр хүн та орчлон дээр хичнээн азтай юм бэ 
Яруу найрагч Энхбаатарын Үржинханд 


3-р байр Танилцуулга
Гадаа цасан бадаглахыг
Ганцаардал гээд танилцуулчихъя
Малгай шиг далбийх үдшийг
Маргааш гээд дамжуулчихъя
Амраг тодхон шаавайг
Андуурлаа гээд үнэмшүүлчихье
Ангаахай нойтон үрсийг
Аминаас үнэтэй гээд эрхлүүлчихье
Огтоос боломжгүй гаргалгааг
Ойлголцоно гээд тайвшируулчихъя
Оосор бүчгүй тогтолцоог
Очиж үзээгүй ертөнц гээд товчоолчихъя
Болохгүй бүтэхгүй бүхнээ
Бооцоонд тавиад туучихсан
Өөрийгөө би,товч танилцууллаа
Өвчний түүхээ цааш нь хуулахгүй
Өө бас дайсан ирлээ! эмч гувай
Өлгүүрт зүүгээтэй хувцас гандлаа
Хаалга цоожтой гарч зугтъя
Хасах гучин хэм чинь зун биз дээ
Эмч ээ!

Яруу найрагч Ланзадын Мөнхбаатар
3-р байр СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

Адуу бэлчдэггүй, аргал түүдэггүй хотын тал 
Амьдралын төлөө хүмүүс жагсдаг эрх чөлөөний индэр 
Хүрэл хөшөө, чулуун арслангаар гоёсон
Хөхрөхгүй ч алсардаг миний хайртай орон зай

Тамхи зардаг эмээ, сонин борлуулдаг хүүгээсээ ичдэггүй
Тамтаггүй ядуусдаа үлдээсэн цор ганцхан өмч 
Хөглөрсөн хүмүүсийн чинь нэгнээс талхны үнэ асууж 
Хөвгүүд нь торнидог их хотын төрх

Дээгүүр нь холхих ардаа зовлон жаргалтай нь дааж
Дэнжгэнэсэн төрөө саарал ордонтой нь ивж
Хүмүүсийн хөлд дарагдсан хөх чулуун дэвсэг
Хөдөөнийх гэж голдоггүй их хотын төв 
Сүхбаатарын талбай
ӨМБИС Шагдарсүрэнгийн Цэрэнпил    
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)