Цэцэг оноогүй бороо : ТЭР “ҮЙЛИЙН ҮРИЙН ЦООРХОЙ”-ГООР “САНАХЫН ОГТОРГУЙ” ӨӨД ОДОЖ БИДЭН “БУРХНЫ НЭГЖ” НЭГЭЭР ДУТЛАА ДАА
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

ТЭР “ҮЙЛИЙН ҮРИЙН ЦООРХОЙ”-ГООР “САНАХЫН ОГТОРГУЙ” ӨӨД ОДОЖ БИДЭН “БУРХНЫ НЭГЖ” НЭГЭЭР ДУТЛАА ДАА

Арзгар барзгар өдөр вэ
Архи юутай дотно вэ
Бүрзгэр, үрчгэр өдөр вэ
Бөхөөтэй яасан адил вэ
Гудамж юутай хоосон вэ
Гутлын үдээс сулбагар вэ
Намар юутай салхитай вэ
Найзгүй бол яах вэ

“Зуны амраг” түүвэр 68-р тал

Энэ шүлэг бол миний анд МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч П.Бөхбатын маань шартсан ахуйдаа өндгөн хээгээ бийр янтай ишинд хадгалуулан туурвиж үлдээсэн олон арван шүлгийнх нь нэг л доголон мөр юм. Тиймээ, өдгөө намар юутай салхитай, найзгүй би яанам болчихоод сууж байна. Заримдаа ч түүнд гомдох шиг. Түрүүлээд “диваажин”-руу одчихсонд нь...
Уг нь бидэн амьдралд хүмүүн хувь зохиолоо давж байр сууриа олох гэдэг юу болохыг мэдрэх насан дээрээ ирчихсэн байсан юмсан. Гэтэл уран бүтээлийн журамт нөхөр, оюутан ахуй насны эгэл найз асан П.Бөхбат маань өдгөө бидний дунд алга.

“Үзэг чинь бүү унтаг, үг чинь бүү согтог” гэж нэгэнтээ намайгаа сэрээж явсан бидэн хоёр одоогоос хорин хэдэн жилийн өмнө манай сайхан эх оронд социализм хариугүй ялах гэж байсан 87 оны намар Багшийн дээдийн утга зохиолын нэгдлийн цугларалт дээр анх танилцаж билээ. Тэгэхэд анд маань дайны тэнгэр ивээсэн оросын агаарт 40.000 метрийн өндөрт 3000 км/цагийн хурдтайгаар хөрвөөж бас хөглөж явснаа ярих дуртай “ас-лётчик” нөхөр байлаа. ( Тэр ЗХУ-ын Краснодарийн нисэхийн сургуульд сурч байгаад балгуушнаас болж сахилга алдсан хэргээр төгсөх жилээ төгсгөж чадаагүй юм. Тийм асуудал хойно сурч байсан Монгол оюутнуудад түгээмэл үзэгдэл байлаа. Гэвч анд маань УБДС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн сөн) Тийм дээ ч тэр үү ЗХУ-ын хоёр удаагийн баатар, сөнөөгч онгоцны нисэгч асан хурандаа генерал, нэрт зохиолч Геннадий Семенихиний шүлгийг цээжээрээ дуудсан хачин өвөрмөц хурц сэтгэлгээ, хурдтай зан ааштай, шүлэг яруу найргийнх нь мөн чанар, амин сүнс нь мөн тийм өөр шиг нь санагддаг “хачин” нөхөр байв даа. Тиймээ түүний тэр л зан чанар насан туршид нь ерөөс хувираагүй. Бүх л жинхэнэ яруу найрагч, уран бүтээлчдийн нэгэн адил түүний амьдралын философи бол эрх чөлөө байлаа. Яруу найрагт нь илэрдэг хамгийн өвөрмөц чанар, дүр дүрслэл болох далд ухамсрын /”ид”/ хүчирхэг дарангуйлал нь /тэр “Оросмаа” гэж алдартай шүлэг бичсэн/ хайр сэтгэл, янаг амраг, амьдралын амт шимт, залуу насны адал явдал тэргүүтний дүр дүрслэлд нь автахаар үнэхээр санаа сэтгэл гэгэлзүүлж сэтгэлийн бичин хөдөлгөх увдисыг хөдөлгөдөг нэгэн байлаа. Одоо би хамгийн сайн санаж байгаа сэтгэлд үлдсэн нэг шүлгийнх нь тухай цухасхан өгүүлье.

Одоо энэ радиогийн Дашдамба, Ховдын Бүрнээ, Булганы Батцэцэг, хүүхдийн О.Сандуй, Дамдины Сүхбаатарын одонт Дарь Сүхээ гээд олон олон оюутан насны найзууд нь ч санаж байгаа байх. Манай Багшийн дээдийн дугуйлангийнхан долоо хоногийн хагас сайн өдөр цугларч шинэ шүлгүүдээсээ уншиж шүүн ярилцаж задалж шинжилж засч бас сэдэв зааж шинэ шүлгийн үүрэг даалгавар аван тарцгаадаг байж. Нэг удаагийн тийм даалгавар “толгод” гэсэн сэдэв байлаа. Хүн бүр л өөрсдийнхөө “Толгод”-ыг бичиж ирсэн. Харин манай Бөхөө “Бөгтөр толгод”-той ирж билээ.

Өвгөн толгодын сүүдэр бөгтөр
Өвс хөглөх бялзуухай бөгтөр
Өргөс бөх бут бөгтөр
Өргөн олны овоо бөгтөр

Талаасаа төө босоо
Бөгтөр толгод бөөр халтар
Толгод дээрээ сөөм өндөр
Бөгтөр овоо миний сүм ээ

Гэрэлт талаас толгод эхтэй
Гэрийн хэлбэр эндээс эхтэй
Нар зөв савдаг тэнгэрийн
Намайг гэх овоо нь өвөө

Алтны шунал догшин гэнэ
Авах гэж мэс хүргэх вий
Айдас зүүд хоёртоо
Амьд явахгүй нь хүү чинь

Өвс хөглөх бялзуухай бөгтөр
Өргөс бөх бут бөгтөр
Өргөн олны овоо бөгтөр
Бөгтөр гэж бөгтөр өө
Бөхөө би ч бөгтөр өө...гэж ирээд л уншсанд шүлэг сонсож суусан бүгд удтал дуугүй суусансан. Тэгтэл манай хүн чинь ам түргэнтэй хойно тэсэлгүй
-Яасан алаад хаясан уу, яасан? хэмээн цээж хөдөлгөтөл Дарь Сүхээ
-Алсангүй ээ, харин тамлачихлаа гэж хариу барьснаас болж тэр хоёр барилцаж аваад ширээ сандал дээгүүр хэсэг “тонгочиж” төдөлгүй Сүхээ ялагдлаа хүлээсэн сэн. Тэр ийм л омголон, иртэй сүртэй, онгодтой найрагч явлаа. Манай хүн сургуулиа төгсөөд Хэнтийд очиж багшилсан. 90-ээд оны “хувьсгал”-д галтай оролцож бас л “хэрэг” тарьсан. Ярих хэлэх маань журамтай, янаглах амраглах маань ч хэмжээтэй, уран зохиол л бол заавал ч үгүй соцреализмаар бичигдэх хуультай байсан тэр хэцүү цагт

Даашинзаараа нэг сагасан
Давстай талхны хөрөнгө
Энгэрээрээ дүүрэн мээмэнд
Эрчүүд чихэлдэх нь архины мухлаг шиг

Ай Оросмаа

Тосгоноороо багтсан уруултай чинь
Толгойныхоо хундагыг тулгамаараа
Сэрэл давслах сэргэлэн орос хулмас
Сэтгэлийн талаар таанан бүлээн амьсгаатайяа

Ай Оросмаа

Намхан пийшин шиг пүнхийсэн
Номхон далай шиг цэлхийсэн
Охин шиг гэрлээгүй, эмгэн шиг бэлэвсэн
Ойн чөлөөн дэх өнчин гацаа

Ай Оросмаа

Нартад одоо чамтай ханилъя гэх нь үгүй ч
Нааш ир гэх халангир эрчүүд мундахгүй
Залуудаа чи хуялын тоогоо гүйцээ
Замдаа үнсэлцэнэ гэж маньд ганцыг үлдээ

Ай Оросмаа.

Ийм шүлгийг тухайн үед утга зохиолын ямар төрөлд оруулдаг байсныг би мэдэхгүй. Хэдийгээр реалист юм шиг санагдавч, соц реализмд нь таарахгүй юм шиг санагдаад байх тусам шүлэг нь хэн хүний зүрхэнд хүрээд байх шиг. Одоогийн миний ойлголтоор бол бадрангуй, оргилуун буюу романтизм байж л магадгүй. Хатуу зөөлөн хоёрыг харгалдуулан, харанхуй, гэгээ хоёрыг сүлбэлдүүлэн хайрын охин тэнгэрийг аргадан аргадан сууж зангиддаг түүний шүлгүүд нэг л хачин увдистай. Агуудаа агуу миний муу найз. Цаг үе биднийг юу гэж хэлэх нь яахав ээ. Бид л цаг үедээ хүн шиг явсан бол болох нь тэр гэж өнгөрсөн тэр үеэ өнөө цагийн өнгө аясаас өмгөөлөн бодож сууна.
...Тонн нулимс багтаагүй ч
Толгой гээч тэнгис юм уу
Мод газар туулахгүй ч
Нулимс гээч мөрөн юм уу... гэх ч юм уу

...Өндөг бөмбөг нулимс
Өнхөрдөггүй мэлмэрдэг
Бөмбөг өндөг нулимс
Бөмбөрдөггүй урсдаг... эсхүл бүр

Нартын толгой эргүүлсэн нанчид, нанчилдаан
Нажид зовлон, ужид садар, араар тавих гээд
Надад зохиосон ганц нүгэл үнэндээ байхгүй
Намайг ирэхэд энэ дэлхийнхэн зэхчихсэн байсан
Найман зовхис тустай арван цагаан буян
Нарны тарни, цайны дээж өргөх гээд
Надад зохиосон ганц буян үнэндээ байхгүй
Намайг төрөхөд энэ хорвоогийнхон бэлдчихсэн байсан... /Нэргүй шүлэг/ хэмээн тэрээр бичиглэж.

Яагаад ч юм сайн сайхан юмны тухай хүн төрөлхтөн бичээд дуусчихсан бус уу? Тэгэхээр яруу найрагчид маань яаж ийгээд өөрсдийгөө сатааруулах хэрэгтэй биз дээ. Тэгтэл үгүй юм аа. Тэр физикч биш, бас математик ч биш. Тэгсэн хэрнээ шүлгүүд нь нэг тийм “үнэртэй” байдаг нь анзаарагддаг.

...Археологийн олдвор шиг шинэхэн
Алтан уруул, мөнгөн өгзөгтэй
Аль хуучин цагийн амраг минь.../Элс/

...Минийшиж миниймшсээр
Минийх болсон янагаас
Хэзээ ч орь ганцхан этгээд
Хэдийд ч хүниймшихгүй.../Нэргүй шүлэг/

...Шүлэг уншихаар тэнгэрт гарсан санагдана
Татах хүчнээс хөндийрч болохгүйг тааварлана
Таван цул, зургаан саваас үнэнч үүрэгтэй
Таван хошуу шиг цацрах сэрлээ юунд сул тавина вэ.../Тэнгэрт унших шүлэг/

...Агаараас эмтэлсэн амьсгал эхийн сүүний ижий нь юм
Аатай идэр нас минь өтөл насны эцэг нь юм
Ангир уурагтай бага нас минь өвөг нь юм
Алдар дотор авс, буян дотор нүгэл чинь
Арга билэгцвэл болно гэж үү хүмүүс минь
Ай яадгийм, дахиад хэлье нас гэдэг зүгээр л нэг тоо юм
Айж яана, тооны хуулийг бурхан бүртгээгүйд итгэцгээ... /Тооны үлгэр/

...Гаж донтон хэмээх нэр дотор
Гарцаагүй сая сая хүмүүс амьдардаг
Магадгүй энэ дэлхий илүүдэлтэйг
Мань томъёо язгуурт оруулчихав уу
Хөгжил өөрөө хог новш гэдгийг
Хүмүүс мэдсэн ч дэндүү хайртай
Чөтгөр ав гэдэг үгийг англи хэлтэнгүүд
Чөмгөө дундартал үргэлж хашгирдаг
Ижил хүйстэн хэмээх эвгүй нэр дор
Их олон хүмүүс хараар амьдардаг
Илүүдээд байгаа энэ сая сая амьтдыг
Ивээж байдаг ямар бурхан байдаг бол.../ Нэргүй шүлэг/

Түүний шүлгийн бүтэц нэг талаас нэг иймэрхүү байдгийг ажиглаж болно. Тэр шүлгээ бичихдээ өөрийн сэтгэлгээний онцлог, хэлбэрийн талаас нь биш зөвхөн өөрийнхөө дотоод таашаал итгэл үнэмшилдээ дулдуйдан сийрүүлдэг. Тиймээс ч өнгө өнгийн чулуудыг санаан зоргоор эвлүүлэн тодорхой дүрсгүй урлалыг бий болгосон ч юм шиг сэтгэгдлийг заримдаа төрүүлэх нь бий.
Би утга зохиол судлаач биш. Бас яруу найрагч ч биш. Хүүрнэл зохиолд хөлөө олж ядан яваа л нэгэн. Тэгэхээр шүлэг найргийнх нь тухай нөхрийн шүлгүүдэд худлаа үнэн дүгнэлт хийгээд яахав. Зүгээр л анзаарч бас өөрт нь хэлж байснаа энд хагас хугасхан дурдлаа. Харин бидний эгэл борхон амьдрал ууж идэж, уйлж дуулж явсан өдрүүдийн алтан хормоор дүүрэн бөгөөд үерхэж нөхөрлөж, бичиж туурвиж суусан он жилүүд маань залуу настай минь хамт ард хоцорч. Найз маань яруу найргийн гурав (Санахын огторгуй, Зуны амраг, Борооны тарни), өгүүлэг туужийн (Таван зүг, Үйлийн үрийн цоорхой) хоёр ном бүтээжээ. Анхны номоо 2003 онд (их л хожуу) хэвлүүлснээ надад өгөхдөө одоо үргэлжилсэн үгээр ноцолдоноо чи туслаарай гэж билээ.Тэгээд ч бидэн “Зөн билэг ам алддаг” анхны өгүүллэгийг нь задалж дахин ноороглож суусан минь одоо ч надад бий. Төгс болоогүй л дээ. Гэхдээ хэвлүүлбэл хоёр нэрээрээ зэрэг хэвлүүлнэ шүү хэмээн тэр ярьж суусан юм. Хөвсгөлд эхнэр хүүхэдтэйгээ ерээд оны эхээр их л аятайхан амьдарч суугаад ямар эз нь хатгасан юм салаад хотод ороод ирсэн. Тэгээд панз наймаа үсэргээд хэсэг манаргасан. Тэр тийм ажилдаа харин ч нэг хийморьтой. Түүнийг тэгж гялалзаж явахад нь бидэн Замын-Үүдэд нэг тааралдаж билээ.
Би Эрээнээс, тэр маань Улаанбаатараас энд хил дээр тааралдаж буй нь тэр. Тэгэхэд оюутан ахуй насны сангийн аж ахуйн гэрэл гэгээтэй өдөр хоногууд гэнэт санагдаж
...Арвайн тариа ургацын далай
Арван сар оюутны арал
Жууцай байцаанаас махны эрэл
Жуумалзуур харц хөмсгөндөө гэрэл
Ногоон хүрэм ноднингийнх
Ноосон алчуур эгчийнх
Ажлын хар ахынх
Арай чи минийх биш ээ... (Арван сар гарлаа даа) гэсэн (Есенин шиг) хонгор шаргал үс шиг задгай, сэвэлзүүр бадаг мэт номхон, зүүд нойр, зүрх сэтгэлд (байдаг) оршсон танхай ... залуу номхон харагдаж билээ.
-За яасан энд амьдарч яваа сурагтай тавлаг уу, Туяа сайн уу? (манай эхнэр) гэснээ урьд шөнө нь Эрээнд хоноод баахан саваа юу янз нь, наад царай зүс чинь, гээд 100 юань гаргаж атгуулчихаад холбоо бариарай, дараа ирэхдээ танайд тухлана аа, би эндээс мебель зөөдөг ажилтай гээд хил даван одож билээ.
Бидэн нийлж дарвиж, ууж балгаж явсан өдрүүд бишгүй. Тоочивч баршгүй. Зовлон ерөөсөө ярьдаггүйсэн. 2009 онд манайх Сайншандад шилжиж ирсэн. Тэгэхэд манай хүн мөн тэнд надаас өмнө хоёр жилийн өмнө ирээд суурьшчихсныг би мэддэг байлаа. Тэр хотод очихоороо би танай Шандад хүргэн болоод оччихсон ш тээ гэж ярьдаг байсан юм. Тийм ээ, тэр аймгийн Монгол банкны салбарын захирал хатагтайтай дэр нэгтгэсэн юм уг нь. Гэвч тэдэн нэг л болоогүй. Хэн хэн нь гээндээ ч гоондоо ч байсан биз. За тэр ч яахав, насанд хүрсэн хүмүүсийн хувийн асуудал байсан ч би мэддэг байлаа. ( Анд маань бүгдийг ярьсан болохоор). За тэгээд Чимгээгийнхээс нүүгээд шинэ байр худалдаж аваад, Монголын радиогийн Дорноговь, Говьсүмбэр аймгийн сурвалжлагч болоод “давхиж” өгсөн. Ажилдаа ч дур сонирхолтой байлаа. Хэрвээ тэр маань мундаг их хүмүүжилтэй, тэгээд өндөр соёлтой “элит” нэгэн шиг байсан бол өдгөө биднийхээ дунд хэн хүнд нэг их “худлаа” зааж сургасан албархаг нэгэн элбэг явж байх учиртай. Үгүй ээ тэр ясны найрагч байсан тул хорвоо биднээс эрт булаачихлаа. Амьдралаа бодсонгүй, архи дарсанд нэвширлээ чи гэж түүнд хэн ч хэлж байсангүй. Тэр тэгж хэлэгдэх хүн байгаагүй.
...Хүний хувьд энгүүн эвцүү Төв аймгийн, Говьсүмбэрийн, Дорноговийнхон манайхан гэдэг тийм нийтэч, хүмүүнийг татах увдистай, залуу, хөгшин, үеийнхэн гээд хэнтэй ч хэл амаа ололцдог, амьдралдаа амьжиргаатай сэргэлэн зантай.Уран бүтээлдээ чанга нямбай ханддаг, хир баргийн болоогүй гэж үзсэн юм аа дэвтэрээсээ гаргах дургүй өөртөө өндөр шаардлагатай, гэгээн бодолтой энэ яруу найрагчийн зүрхэнд нь олон сайхан бүтээл ундарч байсныг мэдэх юм.
Амьдрал өөрийнхөөрөө шийдэж авъяас билигтнийг л харин биднээс нэгээр дутаалаа... гэсэн сүүлчийн энэ өгүүлбэрийг түүний хайртай дүү нарын нэг Говьсүмбэр аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгч, яруу найрагч Б.Энхтөрийн үгээр өндөрлөе.
...Аав ээжийн амь ганц-ганц
Ах дүү долуул билээ
Таван бандитай аав ээж минь
Тавилан баян улсаа
Хоёр хүргэнтэй манайх
Хорвоод дутуугүй айл
Хов үгэнд чих хатуу
Хонгор таван бэртэй...
...Маанийн зургаан үсэг дор
Мандах зулын дэргэд
Манайх гэдэг бурхны нэгж
Машид амгалан болтугай... (Бурхны нэгж) хэмээн шүлэглэж суусан анд минь аавынхаа араас арай эрт яарлаа даа.

МЗЭ-ийн шагналт зохиолч Жалчингийн Заяабаатар

Сайншанд хот 2013 он
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)