Цэцэг оноогүй бороо : АМЬДЫН ТАМ
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

АМЬДЫН ТАМ

АМЬДЫН ТАМ Хүүгээ ирсэн өдөр Сэндэр алхаа нь түргэсэж цээж нь оволзон сэтгэл цэлмэж үүлэн чөлөөний нар мэт гялс гээд өнгөрөх үйлийн агчимд бодол ухаарал нь цэгцэрч баяртаа багтран, хөлгүй хөөртөө хөл алдаж барьж тавьснаа мэдэхгүй гэртээ төөрч гээгдсэн жаргалаа нөхөж эдлэхийн дайтай онгирч, ертөнцийн нар төрийн сүлд хоёртоо залбирна. Хэцүү нэртийн хаалга татаад төрхгүй үр нь ирж байгаа нь энэ ажээ. Хүү нь ирсэн өдрөөсөө ам өчиг өгч, одоо алзахгүй таныгаа жаргаанаа гээд үнсүүлэхэд нялхынх нь сэвлэгт шингэсэн уураг сүүний үнэр ханхийх шиг болов. Хүүгийнхээ үс нь ахарлаж байгаа түнжин толгойг илж өхөөрдөхөд хичнээн жил ивлээгүй хөх нь чимхийж алдраад дуун алдаснаа ичингүйрэв. Сэндэр эмзэгхэн үе тохиох бүр багынхаа амрагийг дурсдаг байлаа. Анх түүнтэйгээ нийлэхэд над шиг жаргалтай хүн байна уу гэж дөрвөн зүг найман зовхист хашхирмаар байж билээ Халуухан байж дээ хайраар ширэлдэн явсан өдөр хоногууд улирч үрийн зулай үнэрлээд насны бах бадралаа гүйцчихсэн юм шиг бардам явсансан. Алдаж онодог хорвоод амьдрах гэгч өөрчлөх биш зохицохын нэр юм уу гэж адралыг шингэлнэ Муу өвгөнийгөө архи уулаа гэж мөн ч их адалсандаа Би зөрүүд тэр гөжүүд эмээлийн бүүрэг шиг эсрэг тэсрэг явсан хэрэг. Уг нь бид эвийн цавуу шиг явах заяатай төрсөн амрагууд байсан юм. Би түүнийг гөлөг шиг гасалж, далайхад давхийж дараа нь шарваж байх юм шиг бодож явжээ. Элэгдэхийн эгзэгтэй орчлонд эндүүтэй андуутай явсандаа сар жил улирах тутам уйдал хөшилдөж, заяа нийлсэн цагийн саалтанд санаа нийлэхээсээ салж зөрөх нь дийлээд аашаа урж амь тэмцэхдээ архи уулаа гэж Сэндэр нөхрөө адлаад, архичин юм уу би гэж нөхөр нь Сэндэрт үнэрхээд болох бүтэхээсээ бүтэхгүй нь жин дарж эхэлжээ Тэр орой Сэндэр хэдэрлэдэгээрээ хэдэрлэж, галзуу гарз мэт агсран ухаангүй согтуу нөхрөө угтаад авахын оронд учиргүй загнаж, хөөж тууж, хөхөлзөж ёхолзжээ Хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо хөлчүү усанд нэвчсэн нөхөр нь гомдлоо цуглуулж эрүүлийн санаа согтуудаа гэдгээр ил далд санасан бүхнээ ис тортогтой хамж тургиад нүхэн харанхуй шөнийг хурц гэрлээр сүлбэн хурдан унаа хүлэглээд хөдөлжээ. Буруу бүхнийг бусдад тохох өмөөрөлдөө нэгшсэн Сэндэрийн цээжинд цорсхийх гэрэл байсангүй Чи муу согтуу толгой архины лүү хаа очдог юм гэж дийлсний омог зоригоор цээжнийхээ сагалыг дарж ядан шатаж шартаж өглөө болготол газар хотолзом гайт мэдээ чих өрөмджээ. Чамайгаа ингээд үхчихнэ гэж хэн саналаа гэж Сэндэр хашгичин гэмшил дандаа хожимдол байдгийн гэрч болж тэлчлэв. Толгой дээшгүй харамслаар хахаж гурав хоног нулимсанд живээд түмний дэмэнд түшүүлж өндийжээ. Тэр цагаас аавынхаа энхрий харц, багахан гөжүүд зөрүүд зан, амархан баярлаж гомддог араншинг хүү минь өвчөөд төрчихсөн юм гэж өхөөрдөнө. Өсөх тусам улам адилхан болоод байх нь сэтгэлийн сэмдэс хөндөх агаад хайраар үерлэж үхтэл үр харам болохоор ганц хүүдээ хир халдаахгүй явжээ. Гэтэл түүний хүүдээ гэж зориулсан нэнж асралыг хариг харамч орчлонд төрсөн үр нь даасангүй өөрийнх нь хэлснээр ялихгүй хэргээр хоригджээ. Үсээ үгтээлж үйлээ барж хөл хэл хоёроо элцэртэл шогшивч үнэний өмнө худал мохож үр нь ялаа эдлээд явчихжээ. Газар дээр ганц хүүгээ хойд эцгийн царай харуулж хошуу мурийлгахгүй гэсэндээ арван жил ертөнц царцчихам есийн жавар гангарсан өвлийн шөнө өвдгөө тэврэн ганихарч сэтгэлээ эмтэлж итгэлээ зажилж ирснийг минь тоосонгүй гэж хүүдээ үнэрхэнэ Хүүгийн эцгийг Цогт гэнэ. Сэндэр түүнээсүү” гэж өдө хоёр насаар эгчмэд. Тиймдээ эвлэгхэн тосож авсан хэрэг.. Анхны учралаа бороотой шөнийн зочин гэж нэрлээд, цаашдаа хүслийн амсарт ад шүглэхэд “Зочин ирэв ж эрхэлдэг болжээ. Хүслээр шатсан энэ цаг Сэндэрт хамгийн амттай үе байсан юм. Хааяа түүнийгээ санахаар байж ядам чийгтэй эгдүү хамаг биеэр нь жирвэнэ. Сэндэр бүрлээчээсээ хойш эрийн өвөрт биш тэдний салхинд гандаж яваа нэгэн билээ. Хүү нь ирснээс хойш сар гаруй болсны хойдтой нэгэн өдөр “Гал хам” гэж нэгэн хүн дагуулж иржээ “Ботгон Тавхай” гэж өөрийгөө танилцуулсан, мар мар инээж маяглан, эрээ цээргүй аашлах, жоготойхон ирмэсэн хорголон нүдтэй хөх эрийг Самдан гэнэ Тавхай гэж “нарсны” нэр ажээ. Тавхай Самдантай халуун усанд хамт орсон ямарч бадируун хулгайч дуу алддаг гэцгээнэ. Тэр хоёр хоол хийлгэж гаднаас авч ирсэн хэдэн шил архийг цааш харуулж ёстой шавайгаа ханатал наргив. Тэгээд ундуй сундуй юм хоймроор тэрий хадан унацгаажээ. Сэндэр авдрын өмнүүр гудас хаяж хүүгээ нөхөртэй нь хамт хэвтүүлээд шөнө орой болсон тул хажуулав. Олныг бодох сөхөөгүй нам унтжээ. Гэнэт эр хүний ханхал нэлхийхэд нүдээ нээвэл үүр тэмдгэрч гэрт сүүмэг цэгээн гэгээ татаад гэрийн доторх бүх юм тодорхой Тэмээний мөлжсөн булуу шиг ёрдойсон өвдөгтэй чүүрийж цүрдийсэн зэгэл юм орны толгой тэмтрэн зогсож байв. Түүнээс хойш Тавхай эднийхээр хүүгийнх нь найз “гал хам” гэж үгийн далим нисгэж орж гарах болов. Хэдий болтол гон бие гозон толгой явах вэ гээд орогнох хоргодох хоёрын хооронд байгаа Тавхайд Сэндэр үг алдчихжээ. Эр хүний анхил түшиг хоёрт хэсэг согтуурахдаа үхсэний хохь амьдын зол болдгийг ухаарах сөгөөгүй явлаа. Тавхай эхнэрээ өвөртөлж хөлбөрөхдөө Сэндэр минь хэдий үеийн бурхны өршөөл, буяны ерөөлөөр бид аз жаргалтайгаа учрав гэж үгийн бурам хүлхүүлнэ. Түүний энэ булга торго шиг үгэнд харшсан сэтгэл хагссан бие дэвтэх шиг болоход Сэндэр олдсон хувь тавиланг төөрүүлөхгүйсэн гэхдээ халуун хагсраа байх гэж мэрийнэ. Гээд яах, идрийн цогтой ид галзуу арван наймт биш нэг их магнай хагартал баяраад дурсаад байх юмгүй ч голоо горолзтол гомдоод байх шалтаг үгүй болдог юм болоод өнгөрч төдхөн юу ч тохиогоогүй юм шиг замхарна. Хүн бүр “Тавхай” гэсээр Оригийн Самдан гэдэг нэр албаны бичиг сачигт байна уу гэхээс аль хэдийн мартагджээ. Тавхай гэж дуудчихаад Сэндэр ичингүйрдэг байснаа дасаж “Ботгон Тавхай” гэж өхөөрддөг болов. Ингэж хэлүүт Сэндэрийн хамаг бие түмэн зүүгээр шивэх мэт халуу шатаж тэсгэл тэвчээр хоёр нь зад тавиад тэнгэрт хөөрөх шиг ашлал эрнэ. Сэтгэл санаа айван тайван хувь тавилантайгаа эвлэрээд өглөө босож, орой унтаж, өдөр шөнийн хэлхээг хөвсөөр байтал хүү нь бас аавын хаалга татаж үлдэхийн мөнд сэтгэл алдран сэв ээдэрч хоцров. Хүү нь ямар ээждээ үнэнийг хэлэх биш Ялихгүй хэрэгт орооцолдчихлоо мөдхөн суллагдаад ирнэ гээд ачигдахад тэгдэг юм гэсэн шиг хэнэггүйхэн үдэж өгөв. Хэд хоног арван наймт шиг арзаганаж байснаа хувь тавилангийн хүрд буруу эргэж Тавхайн ааш хувиран Сэндэрийг хар нүд сэрвийн хатан сормуус эрвийх төдийд хардана. Хэзээ ч тасар татахад бэлэн өлөгчиндөө отлох азарган чонынх мэт харц нь гурвалжилж өдийх сөдийх бүхэнд сэр ивнэ. Ертөнцийн өө сэв бүхнийг цуглуулж өөд нар харуулахгүй. Арай эмэгтэй хүн энгэрийн сүүдэр хоёртой хардахын наагуур аашилна. Ингэж өдөр хоногийн тоосонд дарагдаад амьдрал бүхэлдээ төвөг болов. Голомтонд хүйт хургаж хэрүүлийн үг гэр дүүрч бутарна. Эв эрсэндээ Сэндэр эр хүн рүү эгцэлж харах эрхгүй өлмийгөө ширтэн хуруугаа гоочилсон нэгэн болов. Тэгээд удсангүйдээ, нөгөө Тавхай өдөржин тэнэчихээд шөнийн зочин хий үзэгдэл шиг хааяа харагдах болсноо бүр сураггүй болов. Усанд хаясан чулуу шиг алга болсон түүний хойноос харамсах юмгүй дээ уйдал сэмлэн суувч ирэх ирэхгүй нь сонин биш болов Төдөлгүй мартагджээ. Харин сүүлийн сард олны хөлийн газар хэдэн зэвтэй боолт, орос монгол цоожны хэлхээтэй түлхүүр, цахилгааны хуучин залгуур салгуур өрчихөөд өдрийн ихэнхийг бардаг сахал санчиг хоёр нь загалтан бударч яваа ганц бие өвгөнийг өрөвдөөд байдаг болчихов. Өрөвдөхөд учир бий. Тэр нэг өдөр хүү нь балга тагш юмны мөнгөнөөс болсон уу, бардам омголон зангаасаа болсон уу, мөрөөрөө түүнтэй маргаж харгаж би чи дээ хүрээд түргэн зан шазруун араншингаараа асаж шатаж гарын чилээ гаргаад би шоронгийн хулгайч чамайг алчихсан ч яадаг юм гэж агсраад улаан нэлий болгочихсон юм. Газар дээр ганц үрээ гэж өмөөрөх боловч нүдэнд дулаахан ядарч зүдсэн эцэг шигээ настай хүнийг ийм болгосонд гасалж барагдахгүй байж билээ. Хүүгий нь ингэлээ тэглээ гэж зарга зайлхай хийгээгүй тэр өвгөнд талархсандаа тэгсэн үү амьдын чөлөөнд хүн чанарт биширсэн үү тал тохой татдаг байлаа. Сэндэр ганцаар ганихарч сууснаас хүний бараа татаж тэр өвгөнийг гэртээ дагуулж ирээд аяга цайгаа хувааж уун гангар гунгар гэж суудаг байв. Өвгөн ч цааргалсангүй жаргал зовлонгийн чөлөөнд өегшиж өөрт олдсондоо сэтгэл ханан өнөө маргаашийг бөөцийлнө. Хоёр жил өнгөрөхөд бараа бараандаа дасаж ээнэгших атал сүүлийн үед өвгөн ямар нэг юмнаас айж ширвээдээд байгаа нь илт. Орох гарах тоолондоо харц нь тогтворгүйтэн гүйлгэнээд цочир цочимхой болжээ. Сэндэр өвгөнийхөө энэ байдалд гайхаж цөхөж байснаа учрыг сонсоод дооглон учиргүй хөхөрч “Юун аймхай юм Миний хүү орон шоронгоор насаа элээвч тийм муу хүн биш. Яалаа гэж” хэмээн ятгаснаар энэ явдал мартагджээ. Гэвч Сэндэрийн хүү шоронгоос суллагдах дөхөх тусам өвгөний цээжинд шар ус хурж шалих ялихгүн завсар өдөр хоногийн дээс зөрж хэдрээд ядал зовил цээжийг азарган хуурай шиг урна. Хугацаатай юм хугацаагаараа болж хүү нь холын хүндтэй зочин шиг дуу шуу болсоор буучихлаа. Одоо ээжийгээ асарч жаргаах минь Муу ээж маань төрхгүй бор хүүгийнхээ төлөө шаналсаар бүүр давжаа жижигхэн болчихож гэж зальжин жийхгар нүднээсээ гэрэл цацруулав. Сэндэрийн баярласан гэж жигтэйхэн. Энэ орчлонд үзээгүйгээ үзэж насны нар гарах шиг болов. Тэгээд гөлөрч хөшинг болсон туниагүй нүдэндээ цийлэх баярын нулимсаа барьж чадалгүй алдлаа. Энэ баярт мөч шингэрч хэд хонож байтал хүү нь нэг өдөр ээждээ хандаж Ээжээ нөгөө “Ботгон тавхай” хэдхэн хоноод миний хойноос наарласан шүүд ээ Та мэдсэн үү. Том гар шүү Тэнэмэл нь юу юм жаахан халтар охиныг шоглочихоод шоронд шаачихгүй юу Шорон даахгүй хөгшин төгцөг хэрээ мэдэхгүй хэвтэж юун сэхүүн юм. Хохь нь ээ, хохь нь Ядарсандаа Овгорууд тийм хэрэгт ясны дургүй юм чинь Шөлдөөд шөлдөөд гоочгүй болсон. Сүүлдээ балга шөл тогтоохгүй гоожуурдаад хүн ойртох янзгүй өмхий юм болно. Тэгээд хэн нэг овгорын өрөөсөн нүд цэхэвхийхэд өвлийн шөнө жавар тачигнасан хүйтэнд гаргаад хаячихна. Өглөө үнэр танар нь таг хөлдчихсөн юм амьд байж байна. Цагтаа тулахаар хүний амь бөх шүү. Оруулж хаячихаад яланд яваад ирэхэд гэсээд өмхийрчихсөн байна. Бас л гаргаад хаячихна. Маргааш нь амьд л байж байна Гээд ямар удахав дээ долоо найм хоноод нэг өглөө хөшчихсөн байхад нь тааран шуудайд гудрахад чичивнэж байсан гэдэг юм. Тэгээд үхээрийн газар бараадаа биз гэж ярихад Сэндэр сонссон сонсоогүйн хооронд үүлгэртэж суув Харин өвгөн орон шорон хэссэнээ нэг их бах болгож гавьяа байгуулсан юм шиг гайхуулаад гэж адлахын завдал арзаганахад бие зарсхийж амьдаараа хөлдүүс болсон мэт хүйт даав. Тэгээд өвгөн тэр хоёртой нэг гэрт мөч нь багтавч сэтгэл нь багтахгүй сар шахуу зовсоор мөнх бусыг үзжээ Үнхэлцэг нь хагарна гэгч болсон биз Цайны ханьтай явлаа гээд Сэндэрт гийгсэн юмгүй хоногийн цурманд хааяа мохсон хүслийн ир толхисноос өөр ид шидийг олсонгүй. Хүний ёсыг бодож хоног хурааснаас хэдхэн хоногийн хойно хүү нь долоодох удаагаа хэцүү нэртийн хаалга татаад явахад Сэндэр зовлонгийн балчиг туулсаар нулимс нь ширгэчихсэн зовхи хуурай нүдээр хүүгийнхээ зүг халгаж ядан харвал хүү нь юу ч болоогүй юм шиг инээмсэглэн эхийнхээ сэтгэл зүрхэнд хаг хаяж, “Гуравхан годон жил юу байх вэ Нэг мэдэхэд хүү нь хүрээд ирнэ Нааран дээр тарайж ясаа жаахан амраая” гээд ачигджээ. Тааж барамгүй сүүдэр хартай орчлонгийн нас элээх өдөр хоногийн хэлхээ хөвөрсөөр хувь заяаны хэлтгий хазгайг залгилна.

МЗЭ шагналт зохиолч Р Батжаргал

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)